Уншиж байна ...

"Улс төрийн зөвшилцөл бүтэлгүйтвэл ирэх долоо хоногт ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд 2025 оны төсөвт хориг тавих хүсэлт гаргана"

Н.Эрхбаяр, iKon.mn
1 цаг 56 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр Төсөв болон цаг үеийн асуудлаар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Тэрбээр "Шинэ Үндсэн хууль батлагдсанаар 126 гишүүн бүхий парламент бүрдсэн. Иргэдийн зүгээс УИХ-д итгэж байгаа зүйл байхгүй. 

Түүхэндээ байгаагүй маш хурдацтай хааж боосон байдлаар төсөв батлагдах гэж байна. Үндэсний эвслийн тэргүүний хувьд энэ төсвийг дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа.

Аж ахуйн нэгж, компаниудад асар их дарамт учирч байгаа. Хийж бүтээе гэсэн иргэд хувийн хэвшилд татвар шимтгэл хэтэрхий их ачаалал өгч байна, үйлдвэрлэл үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх ямар ч боломжгүй болгож байна гэдэг. 

Өнгөрсөн хугацаанд 8,200 аж ахуйн нэгж үүд хаалгаа хааж, 26 мянган хүн ажилгүй болсон. Үүний хариуд төр нь төсөв хүнд байна, боломжгүй гэдэг. Гэтэл боломж байгааг саяхан оруулж ирсэн төсөв баталж байна. 

Энэ удаагийн төсөв эдийн засгаа тэлэх, ажилгүйдлийг бууруулах, татварын бааз суурийг нэмэгдүүлэх зорилгоор орж ирэхгүй яавдаа гэж үнэхээр харамсаж байгаа. 

Нөгөө талдаа 13 гишүүн зарчмын асуудлыг дэмжиж гарын үсэг зурсан. Үүний хариуд дэгийн хуулиар болохгүй байна гэсэн. Яаралтай горимоор оруулж ирээд хуулиа өөрчлөөд аливаа асуудлыг шийдэж болдог. 

Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж буй МАН, ХҮН, АН өөрсдөө ард иргэдэд амлаж, өнгөрсөн УИХ-ын сонгуулиар мөрийн хөтөлбөр дээрээ суурилсан итгэлцлийн гэрээг иргэд сонгогчидтой байгуулчхаад, бүгдээс нь ухарсан. Залилан хийж байгаа улс төрийн намын удирдлагууд ард иргэдээс уучлалт гуйгаагүй байхад Энхтүвшин яагаад гуйдаг юм бэ. 

Төсөвтэй холбоотой энэ бүх эсэргүүцэл хувийн эрх ашиг хөөцөлдөж, дуу хоолойгоо илэрхийлж тэмцээд байгаа биш гэдгийг та бүхэн ойлгоорой. 

2025 оны төсвөөс 3.4 их наядыг хасах шаардлага тавьсан. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан парламентын дархлаа, гишүүдийн гаргасан саналд хүндэтгэлтэй хандах зорилгоор тодорхой шийдлүүдийг санал болгож байна. 

Тухайлбал энэ онд багтааж төсөвт тодотгол хийх асуудлыг хөндөж, УИХ-аар тогтоолын төсөл хийхээр ярилцаж байгаа. Засгийн газрыг бүрдүүлж буй улс төрийн намуудын бүлэг хуралдаж, төсвийг тэр чигт нь батлаад явуулъя гэдэг улс төрийн шийдвэр гарсан.

Засгийн газраас оруулж ирсэн төсөвт 0.7-0.8 хувийн өөрчлөлт орсон. Хэрэв 2025 оны төсөв хямралт байдлыг үүсгэвэл Засгийн газар УИХ-д итгэл үзүүлэх асуудлыг ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оруулж ирэх ёстой. 

Төсөвт тодотгол хийх шаардлага ирэх онд үүсвэл Засгийн газрыг бүрдүүлж буй улс төрийн намууд хамтарсан Засгийн гэрээгээ хүчингүй болгож, огцрох ёстой. Дараагийн Засгийн газар төсөвт тодотгол хийж, бүх хуудуутай асуудлыг зөв олгож оруулж ирэх учиртай. 

Хэрэв улс төрийн зөвшилцөл явахгүй бол ирэх долоо хоногт ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны улсын төсөвт хориг тавьж, залилангийн шинж чанартай төсвийг зогсоох боломж байгаа. 

Төсвийн зардлыг бууруулах гишүүдийн байр суурь, улс төрийн зөвшилцөл ямар байхаас хамаарч бүтэлгүйтвэл бид ирэх долоо хоногт ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд 2025 оны төсөвт хориг тавих хүсэлт гаргана" хэмээн ярилаа.