Уншиж байна ...
Зураг
Зураг

О.Амгаланбаатар: Дархан цаазат газарт нөлөөлөхгүйгээр боомт нээнэ. Баруун бүсийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулна

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 11 сарын 8
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Нарансэвстэйн боомтын асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Баруун бүсийн аймгууд хөгжлөөрөө хамгийн хоцрогдсон байдаг. Баян-Өлгий, Увс, Завханаас эхлээд Нарансэвстэйн боомт хүртэл коридороо нээж чадах юм бол маш том боломж гарч ирнэ. Баруун бүсийнхэн урагшаагаа 500-600 км яваад Эрээн Замын-Үүд шиг боомттой болох боломж нь бүрдэх юм. 

Хэвлэл мэдээллээр хосгүй сайхан байгалийг сүйтгэх гээд байна гэсэн л мэдээлэл яваад байна. Гэтэл нүдээрээ очоод үзэх өөр. 

1992 онд нээгдээд говийн баянбүрдүүдийг сүйтгэх гээд байна гэх шалтгаанаар хаагдсан байдаг. Миний болон энэ төслийг санаачилж байгаа ажлын хэсгийнхний хувьд яаж энэ говийн их дархан цаазат газарт нөлөөлөхгүйгээр энэ боомтыг нээх арга замыг нь олчихсон юм. Түүнийг газар дээр нь харуулъя. 

Түүнчлэн "Говь-Алтай аймаг Бургастайн боомт гээд боомттой шүү дээ" гээд ярьж байна. Бургастайн хилээр гарахад гутал хүртэл тайлуулж байгаад шалгадаг. Тэрүүгээр арилжаа наймаа битгий хэл хүн явахаас халширмаар боомт байдаг. Гэтэл түүгээр нэг ч явж үзээгүй хүмүүс тэр боомтоо нээгээд хөгжүүл гээд яриад байна. Шинжаан-Уйгарын өөртөө засах орны дотоод асуудал нь хүнд. Арилжаа наймаа гэхээс илүү аюулгүй байдал нь чухал болчихсон газар байдаг юм. 

Хилийн дагуу хоёр давхар тор байдаг. Туулай хүртэл гарахааргүй төрийн ордны хашаанаас ч бат бөх хашаа байдаг. Нааш цаашаа ямар ч амьтан байхгүй. Дархан цаазат газарт ямар ч нөлөөлөлгүйгээр хилийн дагуу засмал тавина. 

Мөн тэнд байдаг алтны ордыг ухах гэж байна гэсэн мэдээлэл гарсан. Тийм юм байхгүй. Тэр чинь бүүр гүнд бий. Түүнчлэн Дархан цаазат газрын хэдэн нөхөд бичил уурхайчидтай нийлээд ухчихсан зөндөө газар байдаг.

Өнөөдрөөс дөрвөн жилийн өмнө Говь-Алтай аймагт гэр бүлгүй залуучуудын арга хэмжээ "Single party"-г хийтэл Монгол даяараа хээлтүүлэг нийлүүлэг хийж байна гээд шүүмжилсэн. Гэтэл өнөөдөр бусад бүх аймгууд үүнийг хуулаад эхэлж байна. 

Нарансэвстэй нь боомт бол яг л энэ гэсэн үг. Өнөөдөр эсэргүүцэж байгаа боловч Монголын баруун бүсийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулах шийдэл, гарц бол энэ юм" гэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав