Уншиж байна ...
Зураг
Зураг

Ц.Даваасүрэн: УИХ 2025 оны төсвийг энэ сарын 15-ны дотор баталж чадахгүй бол тарах ёстой

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2025 оны төсвийн тухай асуудлын гурав дахь хэлэлцүүлэг болж байна. Ирэх оны төсвийн зарлага хэт өндөр байгаа тухай мэтгэлцээн УИХ-ын гишүүдийн дунд болж байна. 

Үүнтэй холбогдуулан ирэх оны төсөвт тодотгол хийх тухай асуудал УИХ дээр яригдаж эхэллээ. Энэ үеэр төсвийн тодотгол хийх болон төсвийн төслийг буцаах талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: УИХ арваннэгдүгээр сарын 15-ны дотор төсвөө батлахгүй бол тарна гэх мэдээллийг олон нийтэд тарааж байна. Төсвийн гурав дахь хэлэлцүүлэг болж байгаагийн хувьд процессын асуудалд тодорхой хариу өгмөөр байна. 

2025 оны төсвийн хуулийг буцааж, урсгал зардлыг танаж, илүү үр ашигтай байхаар оруулж ирээд долоо хоногийн дотор дөрвөн хэлэлцүүлэг хийж болохгүй байгаа юм уу.

Энэ оны дотор дахин төсвийн тодотгол явуулж байхаар хууль санаачлагчдад буцааж болох уу. Хэрэв энэ сарын 15-нд УИХ төсвөө баталж чадахгүй бол ямар үр дагавар гарах вэ. 

УИХ-ын тамгын газрын дарга Б.Баасандорж: УИХ-ын тухай хуулийн 47.1-д заасны дагуу УИХ-ын тамгын газрын дарга гишүүдэд зөвлөх эрхтэй. Төсвийн төслийг УИХ дээр хэлэлцэхэд бусад хуулийг хэлэлцдэг дэгээр хэлэлцдэггүй. 

Ердийн хуулийг "хэлэлцэх эсэх", "анхны хэлэлцүүлэг", "эцсийн хэлэлцүүлэг" гэж явуулдаг. Мөн бүлгээс үг хэлэх гишүүний тоог зааж өгдөг. 

Төсвийн тухай хуулийн төслийн нэг болон хоёр дахь хэлэлцүүлэг дээр УИХ-ын 126 гишүүн үг хэлэх эрх нь чөлөөтэй байдаг. Засгийн газраас есдүгээр сарын 1-нд төсвийн төслийг өргөн мэдүүлсэн. Арваннэгдүгээр сарын 1-нд чуулганы хуралдаанаар төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дууссан. Хоёр сарын хугацаанд УИХ-ын гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргах, үзэл бодлоо илэрхийлэх боломжтой байсан. 

Төсвийн төслийг буцаах тухай асуудал нэг дэх хэлэлцүүлгийн үеэр боломжтой байсан. УИХ-ын дэгийн тухай хуулийн 70.7-д санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй бол төсвийн төслийг ажлын гурван өдрийн дотор хуульд өргөн мэдүүлэх чиглэл өгч Засгийн газарт буцаах байсан. 

2025 оны төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн байна гэж үзээд хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэн. 

УИХ аравдугаар сарын эхний долоо хоногт багтаан хэлэлцэх ёстой. Мөн арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлаарай гэдэг үүргийг хуулиар өгсөн. Хэрэв батлахгүй бол УИХ, Засгийн газар хууль зөрчинө.

Төсвийн төсөл нь арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлагдаж, хүчин төгөлдөр болж байгаа. 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Энэ хугацаанд өөрчлөлт оруулах нь нээлттэй.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн: УИХ төсвөө баталж чадахгүй тохиолдол хоёр удаа болсон. Тухайн үед хамгийн олон сонгогдсон Д.Лүндээжанцан гишүүний тайлбарыг хамгийн зөв гэж үзсэн. УИХ-ын үндсэн ажил бол төсөв батлах юм. Баталж чадахгүй бол үндсэн ажлаа хийж чадаагүй, чадамжгүй болжээ гэж үзнэ. 

Чадамжгүй болсон УИХ-ын тарах ёстой. УИХ батлахгүй бол яах вэ гэсэн зохицуулалт хуулиар огт байхгүй. Буцааж өргөн барих талаар зохицуулсан хууль байхгүй. Дараагийн чадамжтай УИХ төсвийг батлах ёстой.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Төсвийн төслийг буцаах боломжгүй дэг дээр батлаагүй тохиолдолд 2025 оны улсын төсөв байхгүй болно гэсэн үг. Ингэснээр Засгийн газар тусгай горим гаргаж төсвийн урсгал зардалтай холбоотой асуудлыг шийдэх боломж үүснэ. Дахиад төсөв өргөн барих хугацаа дараа жилийн есдүгээр сарын 1-н юм.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/100064382633728/videos/858445899483075