Уншиж байна ...

Д.Амарбаясгалан: Энэ ондоо багтаж төсвийн тодотголыг өргөн барина

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 11 сарын 8
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.  

Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Дэгийн тухай хуулийн 9-р бүлгээр төсөв тусгай дэгээр хэлэлцүүлэгдэнэ. Төсвийн дөрвөн хэлэлцүүлэг байгаа. Нэгдүгээр хэлэлцүүлэг дээр хөгжлийн бодлого төлөвлөлтөд өргөн барьсан төсөв нийцэж байна гээд үзчихсэн тохиолдолд Засгийн Газар эргэн татах боломжгүй. УИХ-аас төсвийг буцаах боломжгүй. 

Гэхдээ УИХ-ын гишүүдээс төсвийн урсгал зардлыг танах ёстой гэсэн байр суурь гарч байгаа учраас УИХ болон Төсвийн байнгын хорооны зүгээс Тогтоолын төслийг санаачилж өнөөдөр Төсвийн байнгын хороо хуралдаж батлаад төсвийн гуравдугаар хэлэлцүүлэг дээр хэлэлцүүлэгдэнэ. 

Уг тогтоолын төслөөр 2025 оны төсөвтэй Монгол Улсын мөнгөний бодлого уялдаж байгаа эсэх, уг төсөвт УИХ-ын гишүүдийн шаардаж байгаачлан урсгал зардлыг бууруулах нөхцөл байдал байгаа учраас Төсвийн тодотголыг энэ ондоо багтаж хийх тогтоолыг Төсвийн байнгын хороо баталж байгаа. 

Төсөв эцэслэн батлагдсаны дараа УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг гараад Засгийн Газраас төсвийн тодотголтой холбоотой асуудлаар хамтарч ажиллана. УИХ-ын ажлын хэсэгтэй аудитын байгууллага болон төсвийн тогтвортой байдлын зөвлөл хамтарч ажиллана. 

Засгийн газар, Сангийн яам батлагдсан төсөв дээр үнэлэлт өгч тодотгол хийх үндсэн шаардлагуудаа тодорхой болгож энэ ондоо багтаж төсвийн тодотголыг өргөн барих зохицуулалт руу орсон. Гуравдугаар хэлэлцүүлгийн түвшинд төсвийг татаад авчих, буцаачих гэж гишүүд шаардаж байна. Гэтэл тэгэх хуулийн зохицуулалт байхгүй" гэв.