Авто зам, инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн хүрээнд эвдэрсэн явган хүний замуудын нөхөн сэргээлтийн ажил 85 хувьтай үргэлжилж байгаа аж.
Энэ талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын/НЗХГ/ Авто замын хяналтын мэргэжлийн П.Бержан "Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нийслэл хүрээний өргөн чөлөөний авто замын шинэчлэл наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 1-ний хооронд хийгдсэн юм. Тус байршилд 1.6км авто замыг шинэчилж, явган хүний болон дугуйн замыг тавьсан.
Энэ жил нийслэлийн 87 байршилд авто замын засвар, шинэчлэлийг хийхээр төлөвлөснөөс 63 байршилд авто замын зорчих хэсгийг асфальтбетоноор хучих ажил бүрэн хийгдлээ. Эдгээр ажлын улмаас эвдэрсэн явган хүний зам болон, талбайг нөхөн сэргээх ажлууд хийгдэж байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл болон авто замын хашлага суурилуулах явцад эвдсэн явган зам, талбайг нөхөн сэргээх ажлыг арваннэгдүгээр сарын 1-ний дотор хийж дуусгах үүрэг авсан. Гүйцэтгэгч компаниудын зам, талбайг нөхөн сэргээх ажлын явц 85%-тай байна" гэж мэдээллээ.
Нөхөн сэргээлтийн ажлын явцаас харахад явган хүний зарим замыг асфальтбетоноор хийсэн байгаа юм. Энэ нь стандарт зөрчсөн эсэхийг лавлахад Явган хүний зам талбайн хучилтад тавигдах ерөнхий шаардлагад гадаргууг бетон, асфальтбетон, хавтант, чулуун болон резинэн материалаар хийж болно гэж заажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!