Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрт нь итгэх хүлээлгэх тухай тогтоолын төслийг УИХ-д хүргүүлээд буй.
Итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо эхлэн хэлэлцэж, санал дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд оруулах хуулийн заалттай. Энэ дагуу УИХ-д хүргүүлсэн тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо хүлээн авсан байна.
Энэхүү тогтоолын төслийг бүрэн эхээр нь танилцуулж байна.
МОНГОЛ УСЫН ЕРӨНХИЙ САЙДАД ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг , Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, 102.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Засгийн газраас УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд доорх албан бичгийг хүргүүлжээ.
ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан хамтарсан Засгийн газар нь 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Үндэсний баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хүчний салбарын реформ, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтуудыг "Хурдтай хөгжлийн төлөөх Зориг" уриан дор хэрэгжүүлж, эхний бодит үр дүнг гарган ажиллаж байгаа боловч үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан цаашид сонгодог парламентын тогтолцоог төгөлдөршүүлэх, дэвшүүлсэн бодлого, зорилтоо тогтвортой, тууштай хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг шаардлагатай байна.
Иймд Монгол Улсын Ерөнхий сайд миний бие хамтын хариуцлагын зарчим, улс төрийн соёлын хувьд Монгол Улсын Их Хурлын бүрэн эрхийг хүндэтгэн, итгэл хүлээлгэх эсэх асуудлыг ард түмний төлөөллийн төв байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүсье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!