Словак улсын засгийн газар хүрэн баавгайн махыг хүнсэнд хэрэглэх зорилгоор зарж борлуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргажээ.
Сүүлийн үед зэрлэг баавгай хүнд халдсан тохиолдол өссөн тул тус улсын эрх баригчид өнгөрсөн сард нийт 1,300 орчим тоо толгойтой хүрэн баавгайн дөрөвний нэг орчмыг агнах шийдвэр гаргасан юм.
Европын Холбооны устах аюултай ховор амьтдын жагсаалтад хүрэн баавгай байдаг тул энэ шийдвэр нэлээд эсэргүүцэлтэй тулгарч байв.
Гэвч Словакийн эрх баригчид уг эсэргүүцлийг үл хэрэгссэн төдийгүй агнасан баавгайн махыг зарж борлуулах зөвшөөрөл өгсөн байна.
Ирэх долоо хоногоос эхлэн тус улсын байгаль орчны яамны харьяа байгууллага эрүүл ахуйн шаардлага хангасан баавгайн махыг нийтэд худалдахаар болжээ.
Словак улс нь хүрэн баавгайн тоо толгойгоор Европ тивд зөвхөн Румын улсын дараа ордог. Румын улсад 13,000 орчим хүрэн баавгай бий.
2000-2020 оны хооронд Словакт баавгай хүнд халдсан 54 тохиолдол гарч байжээ. Сүүлийн жилүүдэд ийм тохиолдлын тоо жилээс жилд дунджаар 10 орчмоор өссөн байна.
Хамгийн сүүлд дөрөвдүгээр сард Словакийн төв хэсэгт нэг эрэгтэй ойд алхаж яваад баавгайд бариулж, амиа алдсан юм.
Үүний дараа тус улсын ерөнхий сайд Роберт Фико баавгайн тоо толгойг цөөрүүлэх анг зөвшөөрөхдөө “Бид иргэд нь ойд явахаасаа айдаг улсад амьдрах ёсгүй” гэж хэлж байжээ.
Тэрбээр нийт 350 баавгай агнах шийдвэр гаргасан юм. Энэ нь Испани улсын нийт хүрэн баавгайн тоо толгойтой тэнцэх хэмжээ ажээ.
Харин байгаль хамгаалагчид уг шийдвэрийг буруушааж, хүн ба араатны тулгаралтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авах ёстой гэж үзэж байна.
Одоо тэд Европын Холбоо уг асуудалд оролцохыг хүлээж байгаа гэнэ.
Европын Холбоо хүрэн баавгайг агнахыг хатуу хориглодог. Зөвхөн олон нийтийн аюулгүй байдалд ноцтой заналхийлсэн тохиолдолд өөр сонголтгүй үед агнахыг зөвшөөрдөг байна.
Баавгайн махыг хүнсэнд хэрэглэх ёс Европ даяар түгээмэл биш байдаг. Зүүн болон Умард Европын орнуудын зарим хэсэгт ийм уламжлал байдаг ажээ.
Европын эрүүл мэндийн байгууллагууд баавгайн махнаас “Trichinella” нэртэй шимэгч дамжиж, хүний биеийг хүндээр өвчлүүлэх эрсдэлтэйг анхааруулдаг юм байна. Хэрвээ худалдаалах бол ийм шимэгчийг илрүүлэх шинжилгээнд заавал хамруулахыг шаарддаг гэнэ.
АНУ-ын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төв баавгайн махыг хүнсэнд хэрэглэхийн тулд 70-аас дээш хэмийн температурт чанаж болгох замаар шимэгчдийг нь устгахыг зөвлөдөг байна.
Махыг хөлдөөх, утах, хатаахад эрсдэл арилахгүй гэж үздэг ажээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!