Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Наймдугаар сарын 20-н гэхэд бүх авто замын засвар дуусна. Ирэх жил 10 байршлын замыг засаад 7-8 жилдээ гар хүрэхгүй

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ жилийн зам засварын ажлуудыг хичээлийн шинэ жилээс өмнө амжуулна гэж хотын дарга Х.Нямбаатар мэдээлэв.

Тэрбээр "Энэ жил наймдугаар сарын 20-н гэхэд нийслэлийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа авто зам засвар, шинэчлэлийн ажлууд бүгд дуусна. Гэхдээ Дэлхийн Банкны санхүүжилтээр баригдаж буй Нэгдүгээр хорооллын арын авто замын ажил дуусахгүй.

Ирэх жил 10 байршилд буюу Сонсголон, Гачуурт, Гахайн байрны замыг шинэчлээд ойрын 7-8 жилд Улаанбаатар хот авто замдаа гар хүрэхгүй. 

Ирэх оны төгсгөлд Туулын хурдны зам, Тойрог хурдны зам, хоёрдугаар түвшний замуудыг барихад нийслэлээс түлхүү хөрөнгө оруулалт хийж, гүйцэтгэнэ" гэлээ.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотод Биг худалдааны төвөөс Саппорогийн уулзвар хүртэлх авто замын зүүн хэсгийн хөдөлгөөнийг хаан засварлаж байгаа бол маргааш Монелийн уулзвараас Цайз зах хүртэлх авто замыг засварлах мэдээлэлтэй байна.

2025 онд нийслэлийн 44 байршилд авто замын засвар, шинэчлэлтийн ажил хийхээр төлөвлөснөөс нийт 34 байршилд 100.9 км авто замын шинэчлэлтийн ажил дуусжээ. Харин 10 байршилд 14.15 км суурь хучилтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа аж.

Харин явган хүний замыг шинэчлэх ажил аравдугаар сар хүртэл үргэлжилнэ гэж албаны хүн мэдэгдээд байгаа билээ.