Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Nvidia компанийн Хятадын зах зээлээс олсон орлогоос 15 хувийн татвар авахаар болсныг Трамп зарлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан нар

Nvidia компанийн зарим бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд экспортлох зөвшөөрөл өгснийхөө хариуд орлогоос нь 15 хувийн татвар авахаар болсныг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр зарлажээ.

Тэрбээр татварын хувь хэмжээг тус компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуантай биечлэн тохиролцсоноо мэдээлсэн байна.

Хувийн компанийн тодорхой зах зээлд бүтээгдэхүүн борлуулсан орлогоос засгийн газар татвар авахыг “урьд өмнө байгаагүй” үзэгдэл гэж шинжээчид үзэж байгаа юм.

2022 оноос хойш АНУ-ын засаг захиргаа орчин үеийн хагас дамжуулагч чипийн экспортод, ялангуяа Хятадын зах зээлийн экспортод хяналт тавих болсон нь энэ салбарын тэргүүлэгч Nvidia компанид хүнд цохилт болсон юм.

Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр Трамп дээрх тохиролцоо нь Nvidia компанийн харьцангуй хоцрогдсон бүтээгдэхүүн болох H20 чипт хамаатайг хэлжээ.

Тэрбээр “H20 бол хоцрогдсон хэдий ч зах зээлд эрэлттэй хэвээр байгаа” гээд Huawei компани ижил төстэй чип үйлдвэрлэдэг болсныг нэмж хэлсэн юм. ‘Сонс, хэрвээ би үүнийг зөвшөөрвөл чи манай улсад 20 хувийн татвар төл. Би хувьдаа авах гээгүй’ гэж хэлэхэд Хуан “15 хувь дээр тохиролцох хариу санал тавьсан” тухай Трамп ярьсан байна.

Ингэхдээ тэр Женсен Хуаныг “гайхалтай залуу” гэж магтжээ.

Энэхүү зөвшөөрөл зөвхөн H20 чипийн хувьд хүчинтэй гэнэ.

“Би зөвхөн H20 чипт зөвшөөрсөн. Тэр (Женсен Хуан) надтай Blackwell чипийн талаар дахин ярилцах байх. Гэхдээ хүчирхэг Blackwell чипийн багасгасан хувилбар дээр бид тохиролцож болох юм” гэж Трамп тайлбарласан байна.

Blackwell бол Nividia компанийн хиймэл оюуны технологид зориулсан хамгийн орчин үеийн чип юм.

Зарим эх сурвалжуудын мэдээлснээр Трамп бас өөр нэг хагас дамжуулагч үйлдвэрлэгч AMD (Advanced Micro Devices) компанитай ижил төстэй тохиролцоонд хүрсэн гэнэ.

2002-2008 онуудад АНУ-ын худалдааны яамны олон улсын худалдааны асуудал эрхэлсэн орлогч нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Кристофер Падилла  үүнийг урьд өмнө огт байгаагүй алхам гэж дүгнэсэн байна.

“Экспортын хяналтыг АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хамгаалахын тулд тогтоодог болохоос засгийн газар орлого олохын тулд биш” гэж тэр хэлжээ.

“Хүйтэн дайны үед АНУ-ын засаг захиргаа экспортын хяналт өргөнөөр хэрэглэж эхэлснээс хойших 80 жилийн хугацаанд үндэсний аюулгүй байдалтай холбоотой бараа бүтээгдэхүүнийг экспортлох зөвшөөрөл авахын тулд нэг компани засгийн газарт мөнгө төлж байсан ганц ч тохиолдол байхгүй. Энэ засаг захиргаа үндэсний аюулгүй байдлын санаа зовоосон асуудал болон АНУ-ын компаниудын Хятадын зах зээлээс ашиг олох боломж хоёрын хооронд ямар зааг ялгаа байдгийг ойлгодоггүй бололтой” гэж Падилла цааш нь ярьсан юм.

 

Эх сурвалж: Business Insider