Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн "FIBA 3x3 Youth Nations League 2025" буюу залуучуудын үндэсний лигийн Азийн бүсийн 23 хүртэлх насны шигшээ багийн тоглолтууд Хятадын Хубэй мужийн Хандан хотод энэ сарын 18-н хүртэл үргэлжилнэ.
Тав дахь жилээ зохиогдож буй "FIBA 3x3 Youth Nations League 2025" тэмцээнд манай улсын 23 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй шигшээ баг оролцож байна. Эрэгтэй шигшээ багийн хувьд Азийн бүсэд Иран, Хятад, Малайз, Япон, Казахстаны шигшээ багуудтай өрсөлдөж байгаа билээ.
Тэд нэгдүгээр шатанд нийт гурван хожил авснаар Азийн бүсийг тэргүүлж байна. Нэгдүгээр шатны аваргын төлөө өчигдөр Ираны шигшээ багийн эсрэг тоглож, 21:19 онооны харьцаатай хожсон юм. Манай улсын эрэгтэй шигшээ багийн хоёрдугаар шатны тоглолтууд өнөөдөр 15:45 цагаас эхэлнэ.
Харин эмэгтэй шигшээ багийн хувьд мөн адил Азийн бүсэд Иран, Хятад, Малайз, Япон, Казахстаны шигшээтэй өрсөлдөж байгаа юм. Тэдний нэгдүгээр шатны тоглолтууд өчигдөр болж, Малайзын шигшээг хожсон боловч Японы шигшээд ялагдсанаар аваргын төлөө тоглож чадаагүй.
Ийнхүү нийлбэр дүнгээр бүсийнхээ дөрөвдүгээр байрт 23 оноотой бичигдэж байна. Манай улсын эмэгтэй шигшээ багийн хоёрдугаар шатны тоглолтууд яг одоо үргэлжилж байгаа бөгөөд эхний тоглолтдоо Ираны багт таван онооны зөрүүтэй ялагдлаа. Тэд хэсгийнхээ хоёр дахь тоглолтыг өнөөдөр 18:10 цагт Казахстаны шигшээгийн эсрэг хийнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!