Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Өдөр бүр 15 минут хурдан алхах нь эрүүл мэндийн чухал ач холбогдолтойг шинэ судалгаа харууллаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Дасгал хөдөлгөөн байнга хийх завгүй хүмүүст зориулагдсан хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй аргыг судлаачид тодорхойлжээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага хүмүүст эрүүл амьдрахын тулд долоо хоногт нийт 150 минутын дундаж хэмнэлтэй дасгалаар хичээллэх шаардлагатай гэж зөвлөдөг.

Тэгвэл өдөр бүр хамгийн богинодоо 15 минутын турш хурдан алхаж чадвал үүнээс ялгаагүй үр дүнтэйг хэсэг судлаачид тогтоожээ.

Тэдний судалгааны тайлан саяхан “American Journal of Preventative Medicine” анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэн юм.

Доктор Вэй Зэний удирдсан баг 2002-2009 онуудад голдуу бага орлоготой 85,000 хүнээс амьдралын хэв маягийн судалгаа авчээ.

Үүнээс хойш 16 жилийн дараа тэднээс дахин нэг судалгаа аваад үр дүнг боловсруулах ажлыг 2023 онд эхлүүлсэн байна.

“Бид хурдтай алхах нь удаан алхсанаас илүү сайн гэдгийг мэддэг байсан. Гэхдээ яг ямар хугацаанд алхахад хангалттай талаар тодорхой мэдээлэл байгаагүй” гэж Теннеси мужийн Нэшвил хотын Вандербилт Халдвар судлалын төвийн төвийн захирал Зэн хэлжээ.

Түүний багийн тогтоосноор бол өдөр бүр хамгийн багадаа 15 минут хурдан алхдаг хүмүүсийн цаг бусаар нас барах эрсдэл 20 орчим хувиар буурч байсан байна.

Харьцуулбал өдөр бүр гурван цаг гаруй хугацаанд удаан хурдаар алхдаг хүмүүсийн хувьд энэ үзүүлэлт ердөө 4 хувь байжээ.

“Хурдан, удаанаас үл хамааран бүх дасгал хөдөлгөөн эрүүл мэндэд ач тустайг хэлмээр байна. Гэхдээ өдөр бүрийн 15 минутын хурдан алхалт илүү их ач тустай нь бидний судалгаагаар тогтоогдлоо” гэж Зэн хэлжээ.

Биеийн жингээ хадгалах, чихрийн шижин, хорт хавдраас сэргийлж, үе мөчний өвдөлтийг намдаах, дархлааг сайжруулахад алхалт чухал үр дүнтэйг судлаачид өмнө нь хэлдэг байсан.

Мөн сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулж, Алцхаймерын өвчнөөс сэргийлэхэд тустайг зарим судалгаа баталж байв.

Тэгвэл ямар хэмнэлээр, ямар хугацаанд алхвал хамгийн өндөр үр дүнд хүрч болохыг энэ судалгаа харуулсан байна.

 

Эх сурвалж: CNN