Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мөнхтамир: Нислэгийн үед аюулгүй ажиллагааны горим алдагдаагүй, дүрмээ баримталсан

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Иргэний Агаарын Тээвэр (МИАТ) ТӨХК-ийн нислэгт ойрын хугацаанд хоёр ч удаа асуудал гарч, зорчигчдод чирэгдэл учруулсан гэх мэдээлэл гараад буй.

Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамираас тодрууллаа.

- МИАТ ТӨХК-ийн агаарын хөлөг хөөрсний дараа асуудал гарлаа гэж буцаж газардах тохиолдол ойрын үед хоёр ч гарсан. Олон хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудалд хайнга хандлаа гэх шүүмжлэл ч гараад байна. Энэ талаар тайлбар өгнө үү?

- Нислэгийн аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангуулах явцад авиа компаниудад ийм хэмжээний дутагдал гарч байдаг. Зорчигчдын хувьд энэ нь сэтгэл санаанд хүндээр туссан болов уу.

Хоёр тохиолдол гарсны эхнийх нь долдугаар сард, дараагийнх нь наймдугаар сард гарсан.

Бээжин-Улаанбаатар чиглэлийн Боинг 737 онгоц хөөрсний дараа агаарын хөлгийн дарга болон хамтран нисгэгчийн хурдны хэмжүүр зөрүүтэй гэх мэдэгдэл гарсан. Энэ тохиолдолд дүрмийн дагуу заавал бууж шалгах ёстой. Нислэгийн аюулгүй ажиллагааг хангахын тулд хийж байгаа үйлдэл болохоос аюулгүй ажиллагаанд асуудал тулгарсан гэсэн үг биш. Иймд онгоцыг буцааж Чингис хаан нисэх буудалд буулган шалгаад хоёр цагийн дотор нисгэсэн.

Дараагийн тохиолдол нь наймдугаар сарын 4-нд Токио-Улаанбаатар чиглэлийн Боинг 737 8 Мах онгоц маань наашаа ниссэнээс цаг орчмын дараа онгоцны кабин доторх агаарын даралт унаж байна гэсэн мэдээлэл нисгэгчийн хянах самбарт гарч ирсэн. Нисгэгч үүнийг шалгаж үзээд аюулгүй өндөрт буюу тухайн үед 34,000 орчим ft дээр явсан бол 15,000 ft-ээс доош нам дор орох ёстой байдаг. Километрээр хэлбэл 2-3 километрийн өндөрт нам дор нисэж, шалгах үүднээс Осака хотын нөөц нисэх буудалд бууж, онгоцны аюулгүй байдлыг шалгасан.

Олон нийт үүнийг аюулд орж, ослын буулт хийлээ гэж ойлгоод байгаа ч энэ нь үнэндээ аюулгүй байдлыг хангах зорилготойгоор шалгаж, аюулгүй байдалд оруулсны дараа нисгэхийн тулд газардуулсан. Мөн зорчигчдыг авах зорилгоор Улаанбаатараас өөр онгоц хөөргөж, зорчигчдоо авсан. Буусан онгоцоо Боинг компаниас өгсөн зааварчилгааны дагуу шалгаж үзээд системийг дахин ачаалуулахад (Reset хийхэд) алдаа арилсан. Гэхдээ зорчигчгүйгээр тухайн онгоцоо Улаанбаатарт авчирч, нарийвчилсан үзлэгт оруулснаар наймдугаар сарын 6-наас хэвийн нислэгтээ ороод явж байгаа.

Энд тайлбар хэлэхэд агаарын хөлгийн үндсэн зааварт аюулгүй ажиллагааг хамгийн тэргүүнд тавьдаг. Нислэгийн үйл ажиллагаанд шууд нөлөөлөх хатуу цагтай эд ангиудыг эвдрэхээс нь өмнө сольж, нислэгт шууд нөлөөлөхгүй эд ангиудыг гэмтэл гарсан байвал тухай бүрд нь шинэчилдэг. 

Бусад төрлийн тээврийн хэрэгсэлтэй харьцуулахад аюулгүй ажиллагааны стандартыг хэд дахин илүү хангаж байгаа. Жишээлбэл агаарын хөлөгт тогны гурван эх үүсвэр бий. Эдгээрийн аль нэгээр нь л тухайн агаарын хөлөг бүрэн ажиллах боломжтой. Гэхдээ нислэг тэнцвэрийн гэрчилгээ, олон улсын иргэний нисэхийн дүрэмд тогны гурван эх үүсвэр гурвуулаа хэвийн байснаар нислэгт гаргахыг зөвшөөрдөг. Аль нэгэнд л асуудал байвал нисгэдэггүй.

Энэ мэтчилэн давхар стандартуудыг хангадаг учраас агаарын тээвэр нь аюулгүй салбар гэгддэг. Стандартыг ягштал мөрдүүлдэг.

Нислэг хойшлогдох, түр саатах, шалгахаар буух зэрэг нь аюулгүй ажиллагааг хангах зорилготой. Мэдээж хэрэг дамжин нислэгтэй, чухал ажилтай гэхчлэн олон хүндэтгэх шалтгаантай зорчигч бий. Гэхдээ нислэгийн аюулгүй байдал хамгийн чухал. Энд олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн асуудал яригддаг.

- Осака хотод зорчигчид хэр хугацаанд саатсан бэ?

- Токио хотоос Улаанбаатар руу орон нутгийн цагаар 14:30 цагт нисээд, Улаанбаатарын цагаар 20:30 цагт буух хуваарьтай байсан.

Онгоц А цэгээс Б цэг рүү хүрэхдээ тухайн замыг туулах шатахуунаа авдаг. Токиогоос Улаанбаатар хүрэх шатахуунаа авсан байсан ч Осака хотод яаралтай бууж шаардлага гарсан учраас шатахуунаа зарцуулах хэрэгтэй болсон. Иймд Осака хотын дээгүүр шатахуунаа зарцуулж нисэж байгаад 18:00 цагт буюу газардахад шингэн аюулгүй хэмжээнд хүрсний дараа газардсан. Зорчигчдын хувьд амаргүй байсан байх. Аюулгүй буулт хийх гэж байгаа гэхээр сэтгэл санаанд таагүй туссаныг үгүйсгэхгүй. Онгоц буусны дараа зорчигчдоо хооллож, амраасан. Улаанбаатараас хөөрсөн нислэг оройн 22:40 цагт очиж, зорчигчдоо аваад Улаанбаатарт 04:00 цагийн үед ирсэн.

- МИАТ компанийн инженер техникийн ажилтнууд дотоодын төдийгүй гадаадын авиа компаниудын агаарын хөлгийг засдаг, ур чадвар өндөртэйд тооцогддог. Танай компанийн агаарын хөлгийн тоо нэмэгдэж, нислэгийн сүлжээ ч өргөжиж байгаа энэ үед хүний нөөц хэр хүрэлцээтэй байна вэ?

- Манай Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар нь МИАТ компанийн өөрсдийн онгоцны засвар үйлчилгээнээс гадна Европын Холбоо, Америкийн Нэгдсэн Улс болон Азийн хэд хэдэн улсад гэрчилгээжсэн, олон улсын гэрчилгээтэйгээр агаарын хөлөгт хүнд хэлбэрийн засвар үйлчилгээ хийдэг. Инженер техникийн 250 гаруй ажилтантай, өөрсдийн 10 агаарын хөлгөөс гадна гадаадын 7-8 агаарын хөлөгт хүнд хэлбэрийн засвар үйлчилгээ үзүүлэн орлого олдог.

Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын инженерүүдийн маань ур чадвар нь ч, цалин нь ч дэлхийн түвшинд очсон.

Бид шаардлагатай нислэг тэнцвэрийн гэрчилгээ авахад зориулагдсан агаарын хөлгийн засвар үйлчилгээг цаг тухайд тогтмол хийхийн зэрэгцээ асуудал гарсан үед нь засварлаж байна. Дээрх тохиолдлууд нь нислэгийн үед аюулгүй ажиллагааны горим алдагдсан биш аюулгүй ажиллагааныхаа дүрмийг баримталсан алхам.

Онгоцны хаалга хаагдсанаас хойш нисгэгчийн мэдэлд онгоц шилждэг. Нислэгийн үед аюулгүй ажиллагаанд ямар нэг асуудал гарвал нисгэгчийн шийдвэр хамгийн чухал. Ямар ч тохиолдолд нисгэгч бие дааж шийдвэр гаргана. Иймээс ч дэлхийн агаарын тээврийн салбарт ажиллаж буй нисгэгч бүр жилд хоёр удаа нисгэгчийн ур чадварыг дээшлүүлэх сургалтад хамрагдаж, үнэмлэхээ сунгадаг. Ямар үед ямар шийдвэр гаргах вэ гэдэгт үргэлж бэлэн байх ёстой гэж ойлгож болно.