Монголын Иргэний Агаарын Тээвэр(МИАТ) ТӨХК-ийн ойрын үед нээх нислэгийн шинэ чиглэл, цомхотгол хийх эсэх, олон нийтэд нээлттэй болгох зэрэг үйл ажиллагаатай нь холбоотой зарим зүйлийг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамираас тодрууллаа.
- Төрийн өмчит компаниудыг үр ашигтай ажиллуулах, заримыг нь хувьчлах талаар үе үе хөндөгддөг. Хувьчлах компаниудын жагсаалтад МИАТ ТӨХК багтаж байгаа. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
- Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит томоохон байгууллагуудын тодорхой хэмжээг олон нийтэд нээлттэй болгох санаачилга гаргасныг зөв гэж харж байгаа. Хувьчлах, олон нийтэд нээлттэй болгох гэдэг нь хоёр өөр ойлголт.
Олон нийтэд нээлттэй компани болно гэдэг нь санхүүгийн тайлангаас эхлээд бүх мэдээллээ нээлттэй болгосноор олон нийт түүнийг нь үзээд хувьцаа авах хэлбэрээр хөрөнгө оруулах эсэхээ шийднэ. Ингэснээр тухайн төрийн өмчит компанийн засаглал сайжирна, шилэн болно, хяналтын тогтолцоо сайжирна гэж бодож байна.
Хувьчилна гэхээр өөр ойлголт болчих болов уу. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш 30 гаруй жилд төрийн өмчит олон компанид зөв буруу, сайн муу хувьчлал их болсон байх. Үүний нэг жишээ болчихвий гэх хардлага байхыг үгүйсгэхгүй.
- Ирэх оны төсвийн төслийг боловсруулж байна. Ингэхдээ төрийн байгууллагуудын албан хаагчдын "9%"-ийг чөлөөлөх асуудал яригдаж байгаа. МИАТ ТӨХК үүнд ямар байр суурьтай байна вэ?
- МИАТ ТӨХК орон тооны дутагдалтай байгаа. Сүүлийн 3-4 жилд онгоцны тоо нэмэгдсэн. 2023 онд манай компани дөрвөн онгоцтой байсан бол одоо 10 онгоцтой үйл ажиллагаагаа явуулж байна. Нислэгийн сүлжээ мөн өргөжсөн. Үүнийг дагаад нисгэгч, үйлчлэгч, агаарын хөлгийн инженер, техникийн ажилтнуудын тоо нэмэгдэхээс өөр аргагүй.
Мэргэжлийн ур чадвартай хүмүүсийн дутагдалтай байгаа. Иймд одоо байгаа хүний нөөцөө барьж үлдэхгүйгээр цомхотгож болохгүй. МИАТ нь 1,098 хүний орон тоотой. 945 нь үйлдвэрлэлийн нэгжийн ажилтнууд, үлдсэн нь захиргаа, санхүү, IT чиглэлийн хүмүүс. Цомхотгол ямар хэмжээнд, хэрхэн хийгдэхийг мэдэхгүй. Бид үйлдвэрлэлийн нөхцөл байдлаа бүгдийг нь тайлбарлаад явж байгаа.
Нислэгт аюулгүй ажиллагаа хамгийн чухал. Түүнийг хангуулдаг үйлдвэрлэлийн нэгжийн ажилтнууд тун чухал.
- Сая дурдсанчлан танай компани нислэгийн чиглэлээ эрчимтэй нэмэгдүүлж байгаа. Ойрын хугацаанд хүлээгдэж буй шинэ чиглэл бий юу?
- Энэ онд Улаанбаатар-Шанхайн чиглэлийг шинээр нээж, тогтмол нисэж байгаа. Наймдугаар сарын сүүлээр Улаанбаатар-Эрээн чиглэлийг нээхээр ажиллаж байна. Арваннэгдүгээр сарын 4-нөөс Улаанбаатар-Сингапурын чиглэлд тогтмол нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөсөн.
- Америк руу шууд нисэх талаар яригдаад хэдэн жил болж байгаа шүү дээ. Энэ ажил ямар шатандаа яваа вэ?
- Америк руу шууд нисэх чиглэлийг энэ цаг үед нээвэл хамгийн таатай нөхцөл байдал бүрдээд байна.
- Яагаад?
- Геополитикийн хувьд АНУ, БНХАУ хоорондоо эдийн засгийн хориг арга хэмжээнүүд авч байгаатай холбогдуулан Америк, Хятадын хооронд нислэгийн давтамж асар буурсан. Долоо хоногт 60 гаруй нислэг үйлдэгддэг байсан нь 20 орчим болсон. Энэ нь АНУ руу Зүүн Өмнөд Азиас дамжуулан нисэх боломжийг МИАТ ТӨХК-д олгоно гэж харж байна.
АНУ руу нислэг нээх бэлтгэл ажлын хүрээнд МИАТ компанийн зүгээс ажлуудаа хийгээд дууссан. Одоо Монгол Улсыг төлөөлж Иргэний Нисэхийн Ерөнхий Газар нь АНУ-ын Иргэний нисэхийн байгууллагын стандарт шаардлагын дагуу ажлуудаа шалгуулж байна. Шалгалт дууссаны дараа Монгол Улсыг АНУ-ын Иргэний нисэхийн байгууллага зэрэгжүүлнэ. Нэгдүгээр зэрэгт багтвал Монгол Улсаас АНУ руу шууд нислэг үйлдэх боломж нээгдэнэ.
- АНУ руу шууд нисэх боломжтой хэдэн онгоц танайд бий вэ?
- Холын нислэг үйлдэх өргөн биет гурван онгоцтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!