Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Сэлэнгэд бороо бага орсноос ургац оройтож одоо л нарийн ногоогоо хурааж байна. Төмсийг бага хэмжээгээр хурааж байгаа"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл хотын есөн дүүрэгт "Алтан намар" шинэ ургацын төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх Бөмбөгөр худалдааны төвийн гадна талбай, Барилгачдын талбайд төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа гарсан байна. Хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нэг сарын хугацаанд үргэлжилнэ.

Чингэлтэй дүүргийн газар тариаланчдаас гадна Хөвсгөл, Дархан-Уул, Өмнөговь, Сэлэнгэ аймагт ногоо тарьдаг, зөгий үржүүлгийн аж ахуй эрхлэгч нар бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс хямд худалдаалж эхэлжээ.

Өргөтгөсөн худалдаанд оролцож байгаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын тариаланч н.Байгалмаа: Энэ жил ес дэх жилдээ 5-6 төрлийн нарийн ногоо, төмс, байцай, лууван, манжин, сонгино, дөрвөн төрлийн хулууг худалдаалж байна. Үүнээс гадна өөрийн хашаанд тарьж ургуулсан 13 төрлийн ногоогоо даршилж авчирсан.

Сэлэнгийн Зүүнхараад айл өрх бүр хашаандаа ногоогоо тарьчихдаг болохоор борлуулалт хүндрэлтэй байдгаас нийслэлд ирж ногоогоо зардаг. Энд яг нэг цэг дээр ногоогоо худалдаалдаг болохоор борлуулалт сайтай.

Бүх ногоогоо химийн бордоотой эсэхийг шинжилгээнд хамруулж, шаардлагыг хангасан иргэдийг өргөтгөсөн худалдаанд оролцуулдаг. 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны тариаланч "Монгол орны хөрсөнд ургуулсан төмс, манжин лууван, өргөст хэмх, улаан лооль, чинжүү, хаш гээд бүх төрлийн ногоогоо худалдаалж байна.

Манай аймагт бороо багатай байсан учир ургац оройтсон. Одоо л нарийн ногоогоо хурааж байгаа бол төмс хүнсний ногоог бага хэмжээгээр хурааж байгаа. Хүнсний ногооны их хураалт есдүгээр сарын сүүлээс аравдугаар сар гартал үргэлжилдэг. Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Баруунхараагийн ногоочид энд бүтээгдэхүүнээ худалдаалж байна" хэмээн ярилаа.

Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлснээр нийслэл хотын зах худалдааны төв, дэлгүүрүүдэд нэг килограмм төмсний үнэ нэмэгдэж, 3,000 төгрөгийг даваад байгаа юм.

Энэ жил “Алтан намар-2025” өргөтгөсөн худалдааг 21 байршилд зохион байгуулахаас Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт дараах байршлуудад шинэ ургацын ногооны өргөтгөсөн худалдаа гарсан болохыг УБЗАА-наас мэдээлэв.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг