Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Ням-Очир: Есдүгээр сарын 1-нд сургуулиудад бага боловсролын сурах бичгийг хүргэх бүх зохицуулалтыг хийж байна

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хичээлийн шинэ жил эхлэхэд 20 хонохгүй хугацаа үлдлээ. 

Сургууль, цэцэрлэг орох дөхсөн энэ цаг үед сурах бичгийн хэвлэлт хангалтгүй, тендер асуудалтай байгаа талаарх шүүмжлэл нийгэмд өрнөж байна. 

Тэгвэл 2025-2026 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, сурах бичгийн хүрэлцээ хангамжийн талаар Боловсролын Ерөнхий Газар (БЕГ)-ын дарга Т.Ням-Очироос тодруулснаа хүргэж байна. 



Тэрбээр "Хууль, дүрэм журмын дагуу Үнэлгээний хорооноос сурах бичгийн тендерт сонгон шалгаруулалтаа хийж, шалгарсан компаниуд хэвлэх ажил руугаа орсон.

Мэдээж зарим нэгэн гомдол гарч байгаа. Тэдгээр гомдлыг хуулийн дагуу Сангийн Яам хянаснаар шаардлагатай бол дахин үнэлэх процесс үргэлжилнэ.

Худалдан авах ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж, Үнэлгээний хороо дүрэм журмынхаа дагуу ажиллаж байгаа. Гагцхүү цаг хугацааны асуудал үүссэн нь үнэн" гэдгийг хэллээ. 

Дээр дурдсанчлан цаг хугацааны хувьд ямар асуудал үүссэн талаар Боловсролын Ерөнхий Газар (БЕГ)-ын дарга Т.Ням-Очир дараах байдлаар тайлбарлав. 



2025-2026 оны хичээлийн жилд Монгол Улсын боловсролын салбар Сургуулийн Өмнөх Боловсрол (СӨБ) болон бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэхээр төлөвлөж байсан.

Энэ төлөвлөлт 2024 оны зургаадугаар сард сайдын тушаалаар баталгаажиж, улмаар наймдугаар сард сурах бичиг боловсруулах баг томилогдон ажилласан. Уг шийдвэр 2025 оны гуравдугаар сар хүртэл хүчинтэй хэвээр байсан.

2025 оны гуравдугаар сард өмнөх 2024 оны зургаадугаар сарын шийдвэртээ өөрчлөлт оруулаад шинэчлэлийг зөвхөн СӨБ, 1-2 дугаар ангид хийхээр тушаал өөрчлөгдсөн.

Үүнтэй холбоотойгоор 3, 4, 5 дугаар ангийн сурах бичгийн тендерийг 2025 оны дөрөвдүгээр сард салгаж зарласан.

Дараа нь 2025 оны зургаадугаар сард 2025 оны гуравдугаар сард гаргасан шийдвэртээ дахин өөрчлөлт оруулаад шинэчлэлийг зөвхөн СӨБ-д хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор нэг, хоёрдугаар ангийн сурах бичгийн тендер зургаадугаар сард зарлагдсан. 

Одоогийн байдлаар 3, 5 дугаар ангийн сурах бичиг хэвлэгдээд хүргэгдэхэд бэлэн болчихсон байна.

  • Хоёрдугаар ангийн хэвлэлт эхэлсэн.
  • Нэгдүгээр ангийн тендер гэрээ байгуулахаар мэдэгдэл олгосон ийм нөхцөл байдалтай байгаа юм байна.

Мөн "Есдүгээр сарын 1-н гэхэд сургуулиудад бага боловсролын сурах бичиг хүрсэн байх бүх зохицуулалтыг хийж, байж болох бүх хувилбараар хэрэгжүүлнэ гэж харж байгаа.

Нэг асуудал нь хөтөлбөр арга хэмжээ, тушаал өөрчлөгдөөд яваад байгаа юм. 

Ерөнхийдөө 

  • 1-5 дугаар ангийн сурах бичгийг төр бүрэн даадаг.
  • 6-12 дугаар ангийн сурах бичгийг зах зээлээс худалдан авах эсвэл номын сангаар дамжуулж түрээсэлж авч болно. Үүний зэрэгцээ тодорхой зорилтот бүлэгт үнэ төлбөргүй нийлүүлнэ.

2024-2025 оны хичээлийн жилд зах зээл дээр зарагдах сурах бичгүүд огт зарагдаагүй. Өөрөөр хэлбэл сургуулийн номын сангуудад нөөц хангалттай байсан. Бид энэ жил 2019 оны сурах бичгүүдийг бүрэн актлах бодлого барьж байгаа.

Өөрөөр хэлбэл 2020, 2021, 2022 онд КОВИД дамнаад сураг бичгийг бараг ашиглаагүй. Ийм учраас 2019 оны сурах бичгийн актлах хугацааг хойшлуулсан. Энэ жил тэдгээр сурах бичиг шаардлага хангахгүй учир актална.

Зах зээлд бэлтгэн нийлүүлэхэд бэлэн болсон сурах бичгүүдээс эцэг эхчүүд нээлттэй худалдан авах боломжтой. Түүнчлэн сургуулийн номын санд сүүлийн жилүүдэд хэвлэгдсэн сурах бичгүүд байгаа. Эдгээрийг түрээслэх боломжтой.

Сурах бичгийн хомсдол үүсэхгүй. Явцын дунд хуучин муу сурах бичгүүдийг нөхөх процессыг дунд, ахлах ангид хийнэ" гэдгийг Боловсролын Ерөнхий Газар (БЕГ)-ын дарга Т.Ням-Очир хэлж байлаа. 

Боловсролын сайдын тушаал ба зарим өөрчлөлт: 

зураг
 
Эх сурвалж: БЕГ
зураг
 
Эх сурвалж: БЕГ
зураг
 
Эх сурвалж: БЕГ

Сурах бичгийн тендерт шалгарсан компаниуд:

зураг
 
Эх сурвалж: БЕГ
зураг
 
Эх сурвалж: БЕГ