Уншиж байна ...

"Энэ сарын байдлаар зургаан ААН, гурван иргэнд 29 сая төгрөгийн торгууль ногдуулж, авто болон явган замын нөхөн сэргээлтийг хийлгэсэн"

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлд зам засвар, дулааны шугамын шинэчлэл, барилга барих явцад явган хүний замыг эвдэж байна гэж иргэд хэлдэг. Энэ асуудалд хэрхэн хяналт тавьдаг, тухайн иргэн, ААН-д ямар хариуцлага хүлээлгэдэг талаар албаны эх сурвалжуудаас тодруулсан юм.

Нийслэлийн Хяналт, Шалгалтын Газар/НХШГ/: Төрийн хяналт шалгалтын хүрээнд манай газраас тухайн онд урьдчилсан, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хөндлөнгийн шалгалтыг хийдэг. Төлөвлөгөөт бус шалгалтыг гэдэг нь иргэн, ААН-ээс ирсэн гомдол, албан бичгийг үндэслэж хийдэг. 2024 онд хийгдэх шалгалтыг 2023 онд баталсан байдаг.

Авто зам, ногоон байгууламжийг хамгаалах журмын дагуу жил бүрийн 4-10 дугаар сарын хооронд зам, замын байгууламжийн доогуур сэтэлж, сүвлэх зөвшөөрөл олгодог юм. Зөвшөөрөлгүйгээр зам сэтлэх, сүвлэх, байгууламж эвдэх зөрчил илэрдэг.

2024 оны 10 дугаар сарын байдлаар хяналт, шалгалтаар зургаан аж ахуйн нэгж, гурван иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 29,500,000 төгрөгийн торгууль ногдуулж, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлж, нийтийн эзэмшлийн авто зам, явган замын нөхөн сэргээлтийг хийлгэсэн.

Шалгалтын явцад барилгын компани, дулаан, цахилгааны дэд бүтэц хийж байгаа иргэн, ААН-үүд зөвшөөрөлгүйгээр зам, талбайг эвдэж сүйтгэх тохиолдлууд гарч байна. Замын байгууламжид явган хүний зам багтдаг.

Явган хүний зам, байгууламжийг эвдсэн бол гүйцэтгэгч компани нөхөн сэргээх үүрэгтэй. Хэрэв эвдсэн байгууламжаа нөхөн сэргээгүй бол таван сая төгрөгөөр торгож, нөхөн сэргээлтийг хийлгэж, нөхөн төлбөр төлүүлдэг. Нөхөн төлбөрийн хэмжээг үнэлгээний компани тогтооно.

Нийслэлийн 87 байршилд хийгдэх төлөвлөлттэй зам засвар, шинэчлэлийн явцад явган хүний зам эвдчихээд, засаагүй гэх гомдол мэдээлэл ирээгүй. Тухайн бүтээн байгуулалтад Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас өдөр тутмын хяналт тавьдаг.

Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба/УБЗАА/: Зам засвар, шинэчлэлийн хүрээнд явган хүний зам болон ногоон байгууламжийг эвдсэн байршлуудыг НЗХГ-т өгч байгаа. Тус газраас зам засвар, шинэчлэлийн хүрээнд эвдэрсэн байгууламжуудыг давхар засварлана гэдгээ мэдэгдсэн.

Нийслэлийн Авто Замын Хөгжлийн Газар/НЗХГ/: Явган замын нөхөн сэргээлтийг зам засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байгаа компаниудаар хийлгээд явуулж байгаа. 

Барилга барих, дэд бүтцийн ажил болон зам засвар шинэчлэлийн үеэр явган хүний зам зэрэг байгууламжийг эвдчихээд сэргээгээгүй байвал Нийслэлийн Хяналт Шалгалтын Газарт хандаж болох юм байна.