Уншиж байна ...

"Рутан" компани дулааны шугамын ажил гүйцэтгэхдээ авто замыг зөвшөөрөлгүй сэтэлсэн" гэв

Б.Манлай
2024 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг өнгөрсөн 7 дугаар сард эхлүүлсэн. Дээрх ажлыг гүйцэтгэгчээр "Рутан" ХХК ажиллаж байна. Дулааны шугамын ажлыг Улсын драмын театрын урд талбайгаас Монгол Улсын боловсролын их сургуулийн баруун талын зам хүртэл 950 метр талбайд хийнэ.  

Өнөөдрийн байдлаар дулааны шугамын ажил Улсын драмын театраас “Сонгдо” эмнэлгийн баруун тал хүртэл, ХХБ-ны зүүн хойноос Боловсролын их сургуулийн баруун тал хүртэл хийгдээд байна.

Үлдсэн хэсэг болох “Сонгдо” эмнэлгийн баруун талаас ХХБ-ны зүүн хойд Энхтайвны өргөн чөлөөний авто зам хүртэлх хэсэг шугамын ажил хийгдэж амжаагүй тул Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ жил нэмж авто зам, явган зам сэтлэх зөвшөөрөл өгөхгүй байхаар шийдвэр гаргасан юм. 

Гэвч "Рутан" ХХК нь 2024 оны аравдугаар сарын 19-ний өдөр Зоригийн гудамжны авто зам, ХХБ-ны зүүн талын авто замыг зөвшөөрөлгүй сэтлэн дулааны шугамын ажил гүйцэтгэснээс үүдэн авто замд эвдрэл үүсэж, зорчих хөдөлгөөнд саад учраад байна.

Үүссэн асуудалтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас “Рутан” ХХК-д зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч, гаргасан зөрчлийг арилгуулна гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Хотын дарга Х.Нямбаатар "Хотын төвийн 2а магистрал гэж дулааны үндсэн том шугам бий. Үүнийг засаж сэлбэх ажил дуншиж дуншиж энэ жил яам тамгагүй хөдөлж байж арай гэж хийсэн. Гэтэл ажил гүйцэтгэж байгаа газрууд ном журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн зам сэтэлж, ажил хийсэн болоод нөхөн сэргээлт хийлгүй орхисноос ийм асуудал үүслээ.

Зарим хэсэг нь ажил хийх гээд зүтгээд байдаг. Бид нэг л хотод ажиллаж амьдарч байгаа. Гэтэл газар дээр нь ажил хийж байгаа хэсэг нь ийм хүнийрхүү сэтгэлээр хандаад байх юм. Гүйцэтгэсэн байгууллагаар нөхөн сэргээлт хийлгэнэ. Ер нь хувь, хувьсгалгүй ажил хийхдээ сэтгэлээсээ хиймээр байна" гэв.