Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын Драмын Эрдмийн Театраас Багшийн дээд хүртэлх дулааны шугам сүлжээг шинэчлэх ажлыг энэ оны долдугаар сарын 16-наас эхлүүлж байв. Гэтэл Драмын театр болон Блю скай тауэрийн урд талд дулааны шугамын шинэчлэлийн үед ухсан нүх одоог хүртэл хэвээрээ байгаа юм. Энэ нь зарим ААН, байгууллагын үүдийг таглаж, үйл ажиллагаанд нь саад учруулж буйг иргэд шүүмжилж байна.
Энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга М.Балдандоржоос тодруулахад "Драмын театраас Сонгдо эмнэлэг хүртэл дулааны шугамыг шинэчилж дуусаад нүхийг булсан. Айл өрх, ААН-үүдийн халаалтыг өгчихсөн.
Харин дулааны шугамын шинэчлэлийн хүрээнд Драмын театр болон Блю скай тауэрийн урд талд зөвхөн худгийн холболт, нөхөн сэргээлтийг хийж байгаа юм. Өөрөөр хэлбэл дулааны шугамын худгийн холболт, гагнуур, бэхэлгээ, үл хөдлөх тулгуур зэрэг ажлыг хийж байгаа, дулааны шугамтай хэсгийг булсан гэсэн үг. Эдгээр ажлыг аравдугаар сарын 30-н гэхэд дуусгах шаардлагыг гүйцэтгэгч компанид тавьж байна.
Уг нь Блю скай тауэрийн урд байрлах худгийн холболт дээр 20-30 хүний бүрэлдэхүүнтэй бригад ажиллаж байгаа юм. Драмын театраас эхлэлтэй Сонгдо эмнэлэг хүртэлх дулааны шугам нь 7-8 худагтай" гэж тайлбарлалаа.
Уг байршлын шугамын ажлыг “Рутан” ХХК гүйцэтгэж байгаа юм.
БЛЮ СКАЙ ТАУЭР /2024.10.21/
ДРАМЫН ТЕАТР/2024.10.21/
Түүний мэдээлснээр аравдугаар хорооллын хувьд дулааны шугамын шинэчлэл бүрэн дуусаж, явган хүний замын нөхөн сэргээлтийг хийж байгаа бол S'Outlet-ийн буурин дээр үерийн хамгаалалтын даланг барих ажил 80%-д хүрсэн бөгөөд агаарын температур -10 градусаас дээш хүрвэл бүтээн байгуулалтын ажлыг зогсоох аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!