Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Драмын театраас Багшийн дээд хүртэлх дулааны шугам солих ажил удаж байгаагийн учрыг ингэж тайлбарлав

Б.Манлай
2024 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг
2024.09.09

Нийслэлд хамгийн удаашралтай байгаа 10 дугаар хорооллын замын урд талын болон Драмын театраас зүүн тийш тавигдаж буй дулааны шугамыг есдүгээр сарын 15-н гэхэд төв системд холбосон байна гэж албаныхан мэдээлж байгаа. Хар жагсаалт гаргаж, ажлаа хийхгүй байгаа компаниудыг нийслэлийн тендерт оруулахгүй байх арга хэмжээ авахаа ч амлаад буй.

10 дугаар хорооллын замын урд талын дулааны шугамын шинэчлэлийн ажил нэг компанийн хариуцлагагүйгээс удааширсан бол Драмын театраас зүүн тийш тавигдаж буй шугамын хувьд газар ухалтын үеэр зураг төсөлд байхгүй газар доорх кабелийн утас болон бохирын хоолой гарч ирсэнтэй холбоотой гэнэ.

Энэ талаар Драмын театраас зүүн тийш тавигдаж буй шугамын ажлыг гүйцэтгэж байгаа “Рутан” ХХК-ийн захирал П.Бямбабаатар "Газар ухалтын үеэр зураг төсөлд байхгүй газар доорх кабелийн утас болон бохирын хоолой гарч ирсэн.

Манай ажилчид зарим тохиолдолд гараар ухаж, магистрал шугамд таарсан аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр хичээж ажиллаж байгаа.

Хонгилын систем хийж байгаа учир газар доорх ажил зогсолтгүйгээр үргэлжилж байна. Улаанбаатар хотын шугам сүлжээг одоо байгаагаас илүү олон улсын стандартад нийцүүлэх гэж хийж байгаа өргөн хэмжээний ажил гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна" гэж ярилаа.

Эрчим хүчний яамны дэргэдэх “Дулааны үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн нэгжийн дулааны ахлах инженер Н.Мэндбаяр “Драмын театрын урд талаас Багшийн дээдийн уулзвар хүртэлх 950 метр хос шугамыг шинэчлэх ажлыг Дэлхийн банкны санхүүжилтээр хийж буй. Бид тендерийг хоёр жилийн өмнөөс зарлаж, энэ жилээс ажлаа эхлүүлсэн.

Зуны богино сарын хугацаанд хотын төвийн А бүсэд 30-60 жилийн насжилттай шугамыг бүрэн шинэчлэх ажилд хүндрэл бэрхшээл багагүй учирч байна. Гэсэн хэдий ч хугацаандаа амжиж дулаанаа өгөхөөр хичээж ажиллаж байна” хэмээв.

Драмын театрын урд талаас Багшийн дээдийн уулзвар хүртэл 2а магистралийн 350 мм голчтой шугамыг 530 мм голчтой, 950 метр болгон өргөтгөн шинэчилж байгаа бөгөөд Эрчим хүчний яам болон Дэлхийн банк хамтран төслийг хэрэгжүүлжээ.