Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахгүй хойшлуулж буй шалтгаанаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын ерөнхийлөгч Путинтэй яриа хэлэлцээ явуулах боломжоо бүрмөсөн алдахгүйн тулд гэж тайлбарласан байна.
Лхагва гарагт Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа Трамп “Хэрвээ тохиролцоонд хүрэхэд ойрхон байна гэж үзвэл би үүнийгээ сүйтгэхийг хүсэхгүй. Би өөрөө та нарын яриад байгаа хүмүүсээс илүү хатуу хүн гэдгийг энд хэлмээр байна” гэж мэдэгджээ.
Путин энхийн гэрээ байгуулах сонирхолтой байгаа эсэхийг асуухад тэр “Би үүнийг одоо хэлж чадахгүй. Хоёр долоо хоногийн дараа хэлье” гэж хариулсан байна.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Оросын тал Украины нутаг дэвсгэрт томоохон агаарын довтолгоог хоёр өдөр дараалан явуулсан нь Трампыг нэлээд бухимдуулаад байгаа.
Үүний дараа Европын холбоотнууд АНУ-ын шийдвэрийг хүлээлгүйгээр өөрийн хориг арга хэмжээг зарласан юм.
Конгресс дахь Бүгд Найрамдах Намынхан ч бас Оросын эсрэг хүчтэй хориг арга хэмжээ авахыг уриалж эхлээд байна.
“Путин гэм зэмгүй хүмүүсийн амийг хөнөөсөөр байгаа нь хангалттай. Ерөнхийлөгч Трамп ядаж л хориг арга хэмжээ авах хэрэгтэй” гэж тус намын ахмад сенатор Чак Грэсли сошиал хуудсандаа бичсэн юм.
Дараа нь тэр дахин бичихдээ “Харвардын их сургууль руу дайрсан шигээ ерөнхийлөгч Трамп шийдвэртэй арга хэмжээ авах ёстой. Путиний эсрэг хориг арга хэмжээ авах нь Харвардын санхүүжилтийг цуцлахтай адилхан” гэж бичжээ.
Өчигдөр Трамп бас Украины иргэдийн эсрэг Оросын явуулж буй халдлагыг дахин буруушаасан байна.
“Яриа хэлэлцээ үргэлжилж буй цаг үед хоёр шөнө дараалан хүмүүсийг алж хядсанд миний урам хугарч байна. Би үүнд маш их сэтгэл дундуур байна” гэж тэр хэлжээ.
Трампын шүүмжийг Путиний туслах Юрий Ушаков няцаахдаа АНУ-ын ерөнхийлөгч Украины талын Оросын нутагт явуулж буй халдлагын талаар мэдээлэлгүй байгааг хариу шүүмжилсэн байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
51 СЭТГЭГДЭЛТЭЙ
|