• 6 сарын 9, Даваа

АХБ: Монгол Улсын ашигт малтмалын экспортын хэт хамаарлаас болж буй эдийн засгийн эмзэг байдлыг бууруулна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 5 сарын 29
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Азийн Хөгжлийн Банк(АХБ)-наас 2025-2028 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх хүртээмжтэй, тогтвортой хөгжил, эдийн засгийн төрөлжсөн өсөлтийг дэмжих түншлэлийн стратегиа өнөөдөр танилцууллаа. 

Түншлэлийн шинэ стратеги нь Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд, тэр дундаа Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөтэй нягт уялдсан байх аж. Мөн энэхүү стратегийн хүрээнд эдийн засагт тулгарч буй гол сорилтуудыг шийдвэрлэхэд анхаарч, ашигт малтмалын экспортын хэт хамаарал, үүнээс урган гарч буй макро эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах чиглэлээр ажиллах юм байна. 

Түүнчлэн хувийн хэвшлийн хөгжлийг дэмжиж, хөдөө аж ахуйн бизнес, санхүүгийн байгууллагууд болон сэргээгдэх эрчим хүчний хөгжилд түлхэц үзүүлэх аж. 

"Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, чухал ашигт малтмалын олборлолтыг дэмжинэ"

1. Хүртээмжтэй, төрөлжсөн өсөлтийг дэмжих, чиглэлийн хүрээнд

  • Төрийн удирдлагыг сайжруулах, дотоодын нөөцийг дайчлах, баялгийн санг хөгжүүлэх, төрийн өмчит компаниудыг шинэчлэхэд дэмжлэг үзүүлснээр төрийн салбар болон макро эдийн засгийн удирдлагыг бэхжүүлнэ.
  • Хувийн хэвшлийн өсөлтийг дэмжиж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, төр-хувийн хэвшлийн түншлэлийг ахиулж, банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлж, чухал ашигт малтмалын олборлолтыг дэмжинэ.
  • Зам тээврийн дэд бүтцийг сайжруулж, ложистикийн зардлыг бууруулж, худалдааг хөнгөвчлөх замаар бүс нутгийн болон дотоодын биет холбоог сайжруулна.

"Орлогод нийцсэн, нүүрстөрөгчийн ялгарал багатай орон сууц барихыг дэмжинэ"

2. Тогтвортой хөгжил, тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх чиглэлийн хүрээнд: 

  • АХБ уур амьсгалын үйл ажиллагаа хэрэгжүүлэх институцийн болон бодлогын орчныг сайжруулж, тогтвортой санхүүжилтийг босгож, ногоон зээл, бондын хүртээмжийг нэмэгдүүлэхэд тусална.
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, байгаль орчныг хамгаалах, гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээ, эрсдэлийн санхүүжилтийг сайжруулах замаар хөдөө орон нутгийн болон гамшигт тэсвэртэй байдлыг дэмжих болно.
  • Хот, хөдөө орон нутагт тогтвортой, эрсдэлд тэсвэртэй дэд бүтэц байгуулахад хөрөнгө оруулна. Үүнд Улаанбаатар хотын гэр хороолол, аймаг, сумын төвүүдэд тээврийн болон хотын үйлчилгээг сайжруулах, орлогод нийцсэн, нүүрстөрөгчийн ялгарал багатай орон сууцыг барих, дагуул хотуудыг дэмжих зэрэг орно.
  • Эрчим хүчний салбарын шинэчлэлийг дэмжиж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эрчим хүчний шилжилтийг хурдасгахын зэрэгцээ цахилгаан, дулааны үйлдвэрлэлийн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулж, эрчим хүчний сүлжээг дижитал технологиор шинэчлэхэд анхаарна.

"Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн дээд боловсролыг дэмжинэ"

3. Чадавх болон боломжийг нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд

  • АХБ чадварлаг ажиллах хүчнийг бий болгож, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, дасан зохицох нийгмийн хамгааллыг ахиулах замаар иргэдийн чадавх, боломжийг нэмэгдүүлнэ.
  • Боловсролын салбарын дэмжлэг нь техникийн болон мэргэжлийн сургалт, хүртээмжтэй суурь боловсрол, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн дээд боловсролыг дэмжихэд төвлөрнө.
  • Эрүүл мэндийн салбарт АХБ эмнэлгийн засаглал, анхан шатны болон яаралтай тусламж үйлчилгээг сайжруулахад анхаарч, бүсийн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийг байгуулна.
  • Нийгмийн хамгааллын чиглэлээр АХБ системийн шинэчлэл хийх, зорилтот бүлгийг тодорхойлох өгөгдлийг сайжруулах, дасан зохицох стратегийг боловсруулахад анхаарч, халамжаас хамааралтай байдлыг бууруулах хөдөлмөрийн зах зээлийн хөтөлбөрүүдийг дэмжинэ.

Түншлэлийн стратегийг хэрэгжүүлэх дөрвөн жилийн хугацаанд АХБ засгийн газрын болон хувийн хэвшлийн үйл ажиллагаа, зөвлөгөө, мэдлэгийн дэмжлэгээ нарийн уялдуулж, бүх салбарт хөгжлийн түншүүдтэй нягт хамтран ажиллах замаар Монгол Улсын тогтвортой хөгжлийг дэмжих үйл явцыг тэргүүлсээр байх болно гэжээ. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав