ОХУ-д илгээсэн Умард Солонгосын цэргүүдийн зарим хэсэг бэлтгэлээ дуусгаад Украины фронтын шугам руу хөдөлж эхэлснийг Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын алба өчигдөр парламентын байнгын хорооны хаалттай хуралдааны үеэр мэдээлжээ.
Дунджаар 20 орчим насны 3,000 орчим цэрэг ОХУ-ын Курск мужийн нутагт очоод байгааг уг мэдээлэлд дурдсан байна.
Яг хэдэн цэрэг фронтын шугамд очоод байгааг тогтоохын тулд Өмнөд Солонгосын тагнуулын алба Украины талтай хамтран ажиллаж байгаа гэнэ.
Ерөнхийдөө энэ оныг дуустал Пёняны дэглэм 10,900 орчим цэрэг Оросын армид илгээх гэж байгаа аж.
Умард Солонгосын цэргүүдтэй Оросын армийнхан харилцахад хэлний асуудал хамгийн том бэрхшээл болж буйг тагнуулын тайланд онцолсон байна.
Үүнийг хөнгөвчлөх зорилгоор цэргүүдэд 100 гаруй орос үг хэллэгийг заах сургалт явагдаж байгааг бас мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Умард Солонгосын гадаад хэргийн сайд Чо Сон Хуй төлөөлөгчдийн хамт Москвад айлчилсан нь тус улсын цэргүүдийг Оросын армитай нэгтгэхэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх зорилготой байсан гэнэ.
Пёняны төв хэвлэл Чо сайдын айлчлалын зорилгыг мэдээлэхгүй байгаа ч Өмнөдийн тагнуулын алба ингэж таамаглаж байгаа ажээ.
Цэрэг илгээснийхээ хариуд Умард Солонгосын эрх баригчид Оросоос хиймэл дагуулын технологи болон мөнгө санхүүгийн тусламж авсан байж болзошгүй гэнэ.
“Умард Солонгос одоо тагнуулын зориулалттай хиймэл дагуул хөөргөхөөр бэлдэж байгаа гэж бид сэжиглэж байна. Тус улс энэ оны тавдугаар сард ийм оролдлого хийсэн нь бүтэлгүй болсон юм. Харин одоо Оросоос өндөр технологи, техникийн туслалцаа авсны дараа дахин оролдох гэж байна” гэж Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын байгууллагын төлөөлөгч ярьжээ.
Цэргүүдээс гадна Орос руу илгээх Умард Солонгосын ажилчдын тоо эрс өсөж байгаа талаар бас мэдээлсэн байна.
“Энэ онд 4,000 орчим ажилчин ОХУ-д ирсэн гэж бид тооцоолж байна. Тэдний сарын цалин $800 орчим” гэж дээрх тайланд өгүүлжээ.
Үүнээс гадна Оросын армид цэрэг илгээсэнтэй холбоотойгоор Умард Солонгосын нийгэмд тогтворгүй байдал үүссэн тул Пёняны эрх баригчид хараа хяналтаа чангатгаж эхэлснийг мэдээлсэн байна.
“Бидний олсон мэдээллээр офицеруудад гар утас хэрэглэхийг хориглож, цэргүүдэд хаана томилогдсон талаар ар гэрийнхэндээ худал мэдээлэл өгөх үүрэг өгсөн байж болзошгүй байна. Бас Ким Жон Уны хувийн хамгаалалтыг чангатгах арга хэмжээ авсан байх магадлалтай байгаа” гэж тагнуулын төлөөлөгч мэдээлжээ.
Өчигдөр буюу Мягмар гарагт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл, Украины ерөнхийлөгч Володимир Зеленский нар утсаар ярихдаа Умард Солонгосын цэргүүдийн талаар харилцан мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг хамтран зохион байгуулах талаар тохиролцсон тухай Хөх ордноос мэдээлсэн байна.
“Умард Солонгосын цэрэг манай улсын аюулгүй байдалд заналхийлж буй үйлдлийг бид зүгээр хараад суухгүй. Бид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, шаардлагатай бүх арга хэмжээг алхам алхмаар хэрэгжүүлэх болно” гэж Юн Сүк Ёл энэ үеэр хэлжээ.
Зеленский хариуд нь Өмнөд Солонгосын тууштай дэмжлэг туслалцааг магтан сайшааж, тусгай элчээ удахгүй Сөүлд илгээхээ амласан байна.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!