Уншиж байна ...

Г.Гантулга: Магадгүй шөнийн нойроо хугаслаад ажлаа нөхөж хийдэг бол маргаашийн бүтээмж тань буурна гэсэн үг

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

"Сэтгэцийн эрүүл мэнд-2024” үндэсний чуулган өнөөдөр боллоо. 

Тус чуулганыг Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ), Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (СЭМҮТ), Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС) хамтран зохион байгуулж байна. 

Энэ үеэр стрессийн түвшинд нөлөөлөгч хүчин зүйлсийн талаар СЭМҮТ-ийн Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын II клиникийн эрхлэгч, сэтгэл засалч, сэтгэцийн эмч Г.Гантулгаас тодруулснаа хүргэе. 



Нойр ба амьдралын чанар:

Энэ талаар "Залуу хүүхдүүдийн хувьд бие махбод нь дөнгөж хөгжиж яваа. Үүнийгээ дагаад өөрийгөө дайчлан, биеэ ядрах цуцахыг анзаардаггүй байж магад. 

Гэвч нойргүй хонох нь сэтгэл зүй тогтворгүй, стресст өртөмтгий байдлыг далдуур бий болгодог. 

Тухайн үедээ сурлагад тань амжилт үзүүлэх мэт боловч хувь хүний нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, өөрөө өөрийгөө нээж илрүүлэхэд хоцрогдол ажиглагдах талтай.

Харин насанд хүрсэн хүмүүс өдөрт заавал найман цаг унтаж амарсан байх ёстой. Цаад шалтгаан нь сэтгэл зүй, бие махбодоо маргаашийн ажил хөдөлмөрт бэлдэж байгаа суурь хүчин зүйл юм.

Магадгүй шөнийн нойроо хугаслаад ажлаа нөхөж хийдэг бол маргаашийн бүтээмж тань буурахад нөлөөлөх шалтгаан болж болзошгүй.

Оройтож суугаад ч хамаагүй өнөөдрийн ажлаа дуусгаж буй мэт боловч нэг цагийн дотор хийдэг байсан ажлаа маргааш хоёр цаг сунаж хийх хэмжээнд бүтээмжийг бууруулдаг гэсэн үг. 

Бидний сэтгэл зүй, ажлын бүтээмж, харилцаанд нөлөөлдөг чухал хүчин зүйлсийн нэг бол нойр. Тиймээс нойрны хэмнэлээ алдагдуулж болохгүй" хэмээн зөвлөлөө. 

Уураа гаргах нь стресс тайлах зөв арга уу?

Энэ тухай "Уур бухимдлыг дасгал хөдөлгөөн хийх замаар хөлсөөрөө гадагшлуулах нь оновчтой арга. Бусдад төвөг учруулахгүй, нийгэмд харилцааны зөрчил үүсгэхгүйгээр уур бухимдлыг гаргах нь чухал. 

Өөрийгөө зовоохгүй, өрөөлд асуудал үүсгэхгүйгээр стрессээ тайлах нь хамгийн зөв. Түүнээс биш уур бухимдлаа ямар ч хамаагүй хүнд орлуулж гаргаад явбал бусдад сөрөг мэдрэмжээ түгээхээс хэтрэхгүй" гэж зөвлөж байна. 

Хамт олны уур амьсгал ба ажлын орчин: 

Сэтгэцийн эмч Г.Гантулга хэлэхдээ "Хүний амьдралын цагийг

  • Ажлын
  • Амин хувийн
  • Унтаж амрах цаг хугацаанд гурав хувааж яръя. Тус бүрд нь найман цаг оногдоно гэсэн үг. 

Сүүлийн үед ажлын байран дахь стресс бухимдал, хамт олон хоорондын харилцааны зөрчил зэрэг асуудал тулгарч байна. 

Ажлын байр нь хувь хүний сэрүүн, идэвхтэй цагийн дийлэнх хувийг эзэлдэг. Иймд хүний сэтгэл зүй болон нийгмийн харилцаанд нөлөөлөгч чухал талбар. 

Ажлын байрыг илүү эрүүл, тав тухтай, харилцааны зөрчилгүй байлгахыг хичээх нь ажлын үр бүтээмж, нийгэм болон гэр бүлийн харилцаанд ч эергээр нөлөөлнө гэсэн үг

Эргэн тойрондоо эерэг хандлагатай байж чадвал стрессээ даван туулах буюу гаднаас ирж буй сөрөг мэдрэмжүүдийг зохицуулах чадвартай болно" хэмээв. 

Аливааг сөрөг талаас хардаг бол... 

Энэ тухайд "Хувь хүний дадал зуршилтай шууд холбоотой.

Аюулгүй байдлаа бодоод сайн, муу мэдээллийг тэнцвэртэй авах ёстой. Гэтэл заримдаа хэт их болгоомжилсноос үүдэн сөрөг мэдээллүүдийг илүү шүүрдэж авах хандлага ажиглагддаг. Энэ нь аажимдаа дадал, зуршил болж хувирч болзошгүй. 

Дандаа сайныг ярьж, сайхныг сонсъё гээд эрсдэлийг тоохгүй өнгөрч болохгүй. Харин эсрэгээрээ аюулгүй байдлаа бодоод үргэлж эрсдэлийг нь шүүж хараад байвал хувь хүний унтаж амрах энгийн үйл явц хүртэл алдагдана. Тиймээс аливаад тэнцвэртэй хандахыг зөвлөнө. 

Магадгүй өөрт тань улигт бодол давтагдаж, юун түрүүнд сөрөг өнцгийг нь харах хандлагатай бол СЭМҮТ рүү хандаж 1800-2000 дугаарт залгаснаар зөвлөгөө тусламж авах боломжтой" хэмээн сэтгэцийн эмч Г.Гантулга зөвлөж байна.