Багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшийн талаар Боловсролын яамнаас дараах мэдээллийг танилцуулсан юм.
Боловсролын яамны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа "Багшийн нийгмийн баталгаа хамгийн чухал.
Хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нартай 3-5 жилийн гэрээ байгуулж, дэмжлэг үзүүлэх талаар хуулийн шинэчлэлд оруулсан. Бид тооцооллоо хийж байгаа.
Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас санаачлан нийгмийн баталгааны хуулийн төслийг үргэлжлүүлж байгаа. Тус хуулийн төсөлд өнгөрсөн хавар хөдөө орон нутагт ажиллах, мөн орон байргүй байгаа багш нартаа дэмжлэг үзүүлэх зохицуулалтуудыг тусгасан.
Энэ хуулийг УИХ-д өргөн барьж, Засгийн газрын хуралдаанаар орно. Багш нарынхаа нийгмийн баталгааг шийдэх чиглэлээр Нийгмийн баталгааны хуульд долоон төрлийн асуудлыг тусгасан байгаа" гэв.
Гурван ээлжээр хичээллэж буй цэцэрлэг, сургуулийн талаар Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга "Жил бүр шинээр 960 хүүхдийн 20 сургууль ашиглалтад орж байж эрэлтээ давна.
Улсын төсвөөс цэцэрлэг, сургуулийг хангаж дийлэхгүй байна. Тиймээс түрээсийн байраар шийдэж байгаа.
Байр авч дийлэхгүй учраас ипотекийн зээл авдаг шиг систем боловсролын салбарт орж ирснээр асуудлыг шийднэ.
Багшийн орлогын тухайд цалингаас гадна урамшуулал, бусад нэмэгдэл байгаа. Гүйцэтгэлийн үнэлгээ буюу сайн багшийг илүү урамшуулж, илүү орлого олох нөхцөлийг бүрдүүлж өгч байна. Энэ тогтолцоо, санаачилгыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
Гүйцэтгэлийн үнэлгээг илүү хялбар, шударга болгоно. Ингэснээр сайн багш илүү цалин авна гэсэн үг. Муу ажилчид илүү их хөдөлмөрлөж буй хүнтэй адилхан цалин авдаг байж болохгүй.
Боловсролын сайд П.Наранбаяр "Аажимдаа чадварлаг хүмүүсийг боловсролын салбар руу татан оруулах нь зүйтэй. Олон жил сурчхаад хүүхдийнхээ физикийн бодлогыг бодож чадахгүй багш нараар заалгаад явбал ямар хүн гарах вэ?
Нууц биш шүү дээ. Ийм асуудал байгаа учраас академик чадвар өндөр хүмүүсийн тухай ярьж буй.
Унаган юм шиг англи хэлтэй, англи хэлний утга зохиолын ангийг төгссөн хүн багшлах кредитийг нэмж авч, сургалтад суугаад багшлах эрхийн үнэмлэхийг яагаад авч болохгүй гэж.
Ингэснээр илүү сайн дуудлагатай, сайн англи хэлний чадвартай мэргэжилтэн орж ирнэ шүү дээ.
Хүүхдийнхээ англи хэлний Элсэлтийн Шалгалтын материал дээр нь хүртэл ажиллаж чадахгүй багш нар мэр сэр байна. Энэ асуудлыг хамтдаа шийдэцгээе. Монголын боловсролын салбар цаашаа хөгжих боломжоо бий болгож байна шүү" гэлээ.
Боловсролын яамны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа "Хууль Зүй, Дотоод Хэргийн Яаманд журам маань баталгаажсан. Үүнтэй холбогдуулан багшлах эрхийн сургалтыг зохион байгуулж эхэлнэ.
Танхимын сургалтын 45 хоног бус судалж байгаа кредит нь чухал шүү дээ. Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС)-д багшлах эрхийн сургалтуудыг ч зохион байгуулж байгаа.
Танхимын сургалтаас гадна тухайн хүмүүсийг ажлын байранд гаргаад ментор багшаар дадлагажуулах сургалт руугаа орно.
Дан ганц танхимд сураад төгсчихдөг ойлголт биш. Дадлагажиж, хүүхдүүдтэй харьцаж үзэх хэрэгтэй. Хүүхдүүдэд ямар онцлог байна вэ? гэдгийг ойлгож мэдэх хэрэгтэй. Ингэснээр багшлах эрхийн гэрчилгээг авна.
Гудамжинд явж байгаа хүмүүсийг авчраад 45 хоног сургалтад суулгахгүй. Жолооны курс шиг ойлголт огт биш. Хөтөлбөрийг нь магадлан итгэмжилнэ.
Кембрижийн их сургуулийн Боловсролын сургуулийг олон жил удирдсан профессорыг авчраад хөтөлбөр дээрээ хамтран ажиллаж байна.
Шинжлэх ухааны мэргэжилтэн, багш мэргэжилтэн хоорондын кредитийн зөрүүг нь харгалзаж үзэж явуулна" хэмээн тайлбарлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!