Уншиж байна ...

Хятад улс 1950-аад оноос хойш анх удаагаа тэтгэврийн насыг өсгөлөө

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Хүн ам нь хөгширч, тэтгэврийн сан нь дундрах болсонтой холбогдуулан Хятадын эрх баригчид 1950-аад оноос хойш анх удаагаа тэтгэврийн насыг өсгөх шийдвэрийг Баасан гарагт гаргажээ.

Өчигдөр тус улсын хууль тогтоох дээд байгууллага биеийн хүчний ажил эрхэлдэг эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 50-аас 55, оюуны ажил эрхэлдэг эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 55-58 болгох шийдвэр гаргасан байна.

Эрэгтэйчүүдийн тэтгэврийн нас 60-аас 63 болон өөрчлөгджээ.

Хятад улсын одоогийн тэтгэврийн нас дэлхийн түвшинтэй харьцуулахад нэлээд доогуурт тооцогддог юм.

Дээрх өөрчлөлт 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих бөгөөд цаашдаа 15 жилийн турш тэтгэврийн насыг бага багаар өсгөхөөр төлөвлөжээ.

Шинэ хуулиар заасан наснаас өмнө тэтгэвэртээ гарахыг хориглосон бол тэтгэвэрт гарах хугацаагаа хойшлуулах хугацааг гурван жилээр хязгаарласан байна.

2030 оноос эхлэн иргэд тэтгэвэр авах эрхтэй болохын тулд өмнөхөөсөө илүү их шимтгэлийг нийгмийн даатгалын системд төлөх ёстой болжээ.

2019 онд Хятадын Нийгмийн Ухааны Академи тус улсын тэтгэврийн сан 2035 онд хоосрох тооцоог гаргаж байв. Гэхдээ энэ нь цар тахлаас өмнөх тооцоолол тул үүнээс ч эрт хоосрох эрсдэлтэй болоод байгаа.

Тэтгэврийн шинэчлэлийг “иргэдийн дундаж наслалт, эрүүл мэндийн нөхцөл байдал, хүн амын бүтэц, боловсролын түвшин, ажиллах хүчний нийлүүлэлт зэрэг олон хүчин зүйл дээр үндэслэсэн” гэж Хятадын төв хэвлэлд тайлбарлажээ.

Гэвч энгийн иргэд үүнийг таагүй хүлээж авч буйг Хятадын сошиал орчны хандлагаас харж болохоор байна.

“Арван жилийн дараа тэтгэврийн насыг 80 болгох бас нэг хууль батлагдаж магадгүй юм байна” гэж Вэйбо платформын нэг хэрэглэгч бичжээ.

Зарим нь үүнийг гарцаагүй шийдвэр гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

“Европын ихэнх оронд эрэгтэйчүүд 65-67 насандаа, эмэгтэйчүүд 60 насандаа тэтгэвэрт гардаг. Энэ чиг хандлагыг манай улс бас дагах нь гарцаагүй” гэж өөр нэг хэрэглэгч бичжээ.

Хятадын хүн ам 2023 онд хоёр дахь жилдээ дараалан буурсан. Хүүхдийн төрөлт ч тасралтгүй буурч байгаа.

Харин хүн амын дундаж наслалт 78.2 жил болж өссөнийг энэ оны эхээр зарлаж байв.

2040 онд Хятадын хүн амын дунд 60-аас дээш насныхны эзлэх хэмжээ бараг 30 хувь буюу 402 саяд хүрэх тооцоог Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага гаргасан байдаг. 2019 онд энэ хэмжээ 254 сая байжээ.

Ирэх арван жилийн дотор Хятадад 300 орчим сая хүн тэтгэвэрт гарах юм. Энэ нь АНУ-ын нийт хүн амтай тэнцэх тоо бөгөөд энэ хэрээрээ Хятадын тэтгэврийн санд дарамт учруулах төлөвтэй байна.

 

Эх сурвалж: BBC