Уншиж байна ...

М.Ганзориг: Ганц гэрэл зураг батлуулах гэж хагас жил оролдсон

ikon.mn
2024 оны 9 сарын 5
ikon.mn

Урлан студийг үүсгэн байгуулагч, гэрэл зурагчин М.Ганзоригтой хийсэн ярилцлагыг хүргэж байна.

зураг
 

- Гэрэл зурагтай холбогдсон түүхээсээ хуваалцвал?

- Багаасаа зураг зурах маш дуртай хүүхэд байсан. Математик дээр бие даалтын ажлынхаа нүүрийг л гоё зурах гэж хичээдэг, биологи, амьтан судлал дээр зургуудыг нь хуулж зураад л суудаг байсан. Нэг удаа ах маань хотоос халаасны хальсны камер авчирч бэлэглэснээр нь нэг хальс дуустал нь зураг аваад эвдэлчихсэн. Буцаагаад засуулахаар явуулсан ч эргэж ирээгүй. Ингэж анх камертай танилцаж байлаа.

2003 онд ЕБС-аа төгсөөд зураач болох гэж байсан ч миний төрөлх өгөгдөл хангалттай биш санагдаад, ШУТИС-ийн график дизайнерын ангид элсэж орсон. Ер нь  компьютер дээр ажилладаг гэхээр гоё санагдаад байсан юм.

2007 онд сургуулиа төгсөөд нэг жилийн дотор 4 газар ажиллаж үзээд хувиараа ажиллахаар шийдсэн. Сайндаа ч биш зарим газрыг нь би голоод, зарим газар нь намайг голоод байсан. Сүүлд ажиллаж байсан “Ирмүүн” агентлаг дэргэдээ гэрэл зургийн студитэй байсан болохоор зураг дарж үзэх боломж олдож байлаа.

2008 оны сүүлээр “Урлан” студиэ байгуулаад график дизайны ажлууд хийж, принтер дээр хэвлэж өгдөг үйлчилгээ эрхлэн 3 жил гаруй болоод, хажуугаар нь хагас мэргэжлийн камераар тасралтгүй зураг дараад л байсан. 2011 оноос гэрэл зураг руу түлхүү орж график дизайны ажлаасаа хөндийрсөн.

- Гэрэл зургийн аль төрөлд илүү сонирхолтой вэ?

- Аялагч бол байгалийн зураг, биологич бол амьтны зураг гэх мэт мэргэжилдээ ойр байдлаар гэрэл зургийн сонирхол нь тогтсон хүмүүс олон байдаг. Миний хувьд анхнаасаа "дүрслэх урлаг" гэж харж эхэлсэн болохоор бүх төрөл сонирхолтой санагддаг.

Ямар ч зүйлээс уран сайхан, утга агуулга олж хараад дүрслэн буулгахад сайхан мэдрэмж авдаг. Өнгөрсөн хугацаанд үндсэн ажил гэдэг утгаараа хамгийн их хугацааг сурталчилгааны гэрэл зурагт зарцуулсан байна. Сурталчилгааны зурагт гэрэл зургийн бүх төрлийг хэрэглэх боломжтой. 

Аялангаа байгалийн зураг дарах дуртай. 

- Авьяас уу? хөдөлмөр үү?

- Авьяасыг олон зууныг дамжин үе удмаараа хөгжүүлж үр хойчдоо дамжуулсан байдаг учраас нэгэнт тийм өгөгдөлгүй хүн нэг насаараа хөдөлмөрлөөд ч заримдаа үр дүнд хүрдэггүй байх гэж боддог. Гэрэл зураг бол дүрслэх урлаг гэдэг талаасаа тодорхой хэмжээнд авьяас чухал. Гэхдээ ямар ч авьяас шаргуу хөдөлмөргүйгээр юу ч биш. Манай удамд гарын ур дүйтэй хүмүүс их олон байдаг. Тэдний хажууд би өөрийгөө их голдог.

- Яагаад сурталчилгааны гэрэл зургаар дагнах болсон бэ?

- Фото студийг гэр бүлийн зураг, цээж зураг, арга хэмжээний зургаар л төсөөлдөг байсан тэр үед сурталчилгааны гэрэл зураг, тэр дундаа бүтээгдэхүүний гэрэл зургийн эрэлт байсан ч шаардлагад нийцүүлж чадах зурагчид цөөхөн байсан.

Тухайн үед хоорондоо өрсөлддөг байсан АПУ, СББ хоёр компанийн нэг нь ОХУ-аас зурагчин урьж, нөгөөх нь Сингапур луу бүтээгдэхүүнээ явуулж зураг авалтаа хийлгэдэг байсан нь маш их цаг хугацаа алддаг байсан. Нэг өдөр СББ-аас дуудаж уулзаад шар айргийн зураг аваад сурчихвал үргэлжлүүлэн хамтарч ажилламаар байна гэсэн.

Тэгээд манай студи бусад ажлынхаа хажуугаар ганцхан зураг батлуулах гэж хагас жил оролдсоны эцэст эхний зургаа хүлээлгэж өгсөн. Гол нь маш нарийн засвар хийдэг учраас зөвхөн сайн зураг дарах нь хангалтгүй байсан юм билээ.

Засвар хийхэд манай зурагчдын дизайны мэргэжлийн суурь их нэмэр болсон. Шар айргийн зураг бүх бүтээгдэхүүний зургуудаас хамгийн хэцүү нь учраас бусад бүтээгдэхүүний зургийг авч сурахад тийм ч их хугацаа шаардаагүй.

Гэхдээ л бүтээгдэхүүн бүр гэрлийн ойлт нэвтрэлт гээд өөрийн физик шинж чанараас шалтгаалаад тус бүрдээ багагүй туршлага шаарддаг.

зураг
 

- Сурталчилгааны гэрэл зургийн үнэ цэн юунд байдаг вэ?

- Сурталчилгааг олон янзаар хийж болох ч секунд хүрэхгүй хугацаанд хамгийн хурдан ойлголт өгөх арга зам нь ГЭРЭЛ ЗУРАГ байдаг. Жишээ нь, бүтээгдэхүүн үйлчилгээгээ тайлбарласан текст, бичлэг рүүгээ анхаарал татахын тулд гэрэл зураг ашигладаг. Нэг зураг мянган үгтэй тэнцдэг гэдэг. Маш их мэдээллийн дунд богино хугацаанд мэдээлэл өгөх хамгийн үр дүнтэй хэрэгсэл нь гэрэл зураг болдог.

Манай студийн зурагчдын авсан нэг зураг маш олон хүнд хүрч, тухайн сардаа борлуулахаар нөөцөлсөн бүтээгдэхүүнийг хэдхэн хоногт зарагдаж дуусахад хүргэсэн амжилттай жишээ ч бий. 

зураг
 

- Олон киноны постерууд дээр ажилласан байсан…?

- Дизайнер суурь маань киноны постер хийхэд их дэм болсон. Киноны постер бүтээх нь дизайнер, гэрэл зурагчин 2 хүний хамтын ажиллагаа байдаг. Анх кино урлагт Номадиа пикчерс компани орж ирж киноны маркетингийн чухал ач холбогдолтой хэсэг болох постерт ач холбогдол өгч эхэлсэн. Манайхтай хамтран “Lovers”, “Үргээлэг” төслүүд дээр ажилласнаар бидэнд үргэлжлүүлэн энэ чиглэлээр ажиллах эхлэлийг тавьж өгсөн. Түүнээс хойш одоог хүртэл 40 гаруй киноны постер дээр ажиллаад байна. Сүүлд “Хийморь”, “Тэгри Чину”, “Тамгагүй төр”, “1984”, “Клеопатра” зэрэг уран бүтээлүүдийн постер дээр ажилласан.

зураг
 

- Гэрэл зургийн мастер тэмцээнд түрүүлсэнд баяр хүргэе!

- Баярлалаа! Европын гэрэл зурагчдын дунд зохиогддог байсан “Гэрэл зургийн мастер” нэвтрүүлгийн албан ёсны эрхийг “Боловсрол” телевиз авч Азид анх удаагаа хийж байгаа юм билээ.

Олон сайхан найзуудтай болсноос гадна сайн зураг авахад нас хамаагүйг, баримтат гэрэл зураг ямар сонирхолтойг, зарим сайн зургийг маш богино хугацаанд ч бүтээж болдгийг, нэг сэдвийг ямар олон өнцгөөс харж гэрэл зураг бүтээж болохыг, зураг тус бүрийг ямар олон өнцгөөс тайлбарлаж болохыг гэх мэт маш олон зүйлийг илүү гүн ойлгосон өгөөжтэй “аялал” байлаа. Нэвтрүүлэгт оролцох шийдвэр гаргасандаа бас түрүүлсэндээ баяртай байна. Оролцох боломж олгосон нэвтрүүлгийн багийнханд баярлалаа.

- Ирээдүйн зорилгоосоо хуваалцвал?

- Гэрэл зураг бол миний ажил бас хобби. Шинэ хобби нэмэгдэхийг мэдэхгүй ч гэрэл зургаас холдоно гэж бодохгүй байна. Өнгөрсөн хугацаанд илүү сурталчилгааны гэрэл зургаар дагнан ажилласан бол ирээдүйд илүү сэдэвчилсэн хувь уран бүтээлийн шинжтэй гэрэл зургууд авахаар төлөвлөж байна.

Шинэ зүйл рүү орохын өмнө тайлангаа тавихаар Урлан студийн 16 жил дарсан зургуудаас 100 гаруй зургийг шилж сонгоод 9-р сарын 11-15-ны хооронд Чингис хаан үндэсний музейд үзэсгэлэнгээ гаргахаар бэлтгэл ажлаа хийж байна. Таксгүй, хүн бүрд нээлттэй учраас үзэгчид олон байна гэж найдаж байна. Энэ ярилцлагыг уншиж байгаа бүх хүнийг үзэсгэлэндээ урьж байна. Та бүхэн хүрэлцэн ирээрэй.

зураг
 

- Үзэсгэлэнд нь амжилт хүсье! Ярилцсанд баярлалаа.