Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хүйтэн дайны үеэс хойших хамгийн том ялтан солилцоо Өрнөдийн орнууд ба Оросын хооронд явагдлаа

Т.Давааням, ikon.mn
2024 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Зөвлөлт Холбоот Улс задарснаас хойших хугацааны хамгийн том ялтан солилцоог Өрнөдийн орнууд ба Оросын эрх баригчид өчигдөр зохион байгуулжээ.

Шоронд хоригдож байсан нийт 24 хүнийг талууд солилцсон байна.

Энэхүү солилцооны үр дүнд нийт 16 хүн Оросын шоронгоос суллагдаж, АНУ ба Европыг зорьсон тухай Цагаан ордон мэдээлжээ.

Хариуд нь АНУ, Норвеги, Герман, Польш, Словенийн шоронгуудаас найман хоригдлыг суллаж, ОХУ руу явуулсан байна.

Эдгээрээс гадна хоёр ялтны хүүхдүүдийг Орост буцаан өгчээ. Тэд Словени улсад тагнуулын ажиллагаа явуулж байгаад баривчлагдсан гэр бүлийн хосын хүүхдүүд байжээ.

Солилцоог орон нутгийн цагаар Пүрэв гарагийн өглөө Туркийн нийслэл Анкара хотын нисэх буудалд зохион байгуулсан байна.

The Wall Street Journal сонины сэтгүүлч Эван Грешкович, АНУ-ын тэнгисийн цэргийн ахмад дайчин Пол Велан, Орос-Америкийн давхар иргэний харьяалалтай сэтгүүлч Алсу Курмашева, Орос-Британийн давхар иргэний харьяалалтай, АНУ-ын ногоон карттай иргэний хөдөлгөөний зүтгэлтэн Владимир Кара-Мурза нар АНУ руу ирэх замдаа явааг ерөнхийлөгч Жо Байден мэдээлжээ.

Солилцоог тохиролцох яриа хэлэлцээ 18 сар гаруй хугацаанд үргэлжилсэн байна.

Ингэж удах болсон гол шалтгаан нь Москвагийн эрх баригчид Германд хоригдож байсан Холбооны Аюулаас Хамгаалах Албаны ажилтан Вадим Красиковыг солилцоонд багтаахыг шаардаж байсантай холбоотой гэнэ.

Тэрбээр Берлин хотын цэцэрлэгт хүрээлэнд аллага үйлдээд бүх насаар хоригдох ял эдэлж байжээ.

АНУ-ын засаг захиргааны төлөөлөгч Красиковыг “Оросуудын буцааж авахыг хүсэж байсан хамгийн том загас” гэж тодорхойлсон байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Путин өчигдөр өөрийн буцааж авсан хүмүүсийг Москва хотын Внуково нисэх буудалд хүндэт харуул жагсаан угтаж авчээ.

зураг
 

Солилцооны яриа хэлэлцээг анх эхэлж байхад Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг оролцуулах асуудал хөндөгдөж байсан байна.

Гэвч тэр энэ оны хоёрдугаар сард шоронд нас барсан юм.

Навальный агсны бэлэвсэн гэргий Юлия солилцооны талаар мэдээг сонсоод баярлан талархаж байгаагаа илэрхийлжээ.

“Суллагдсан улс төрийн хоригдол бүр асар том ялалт, баярлах шалтгаан юм. Хэн ч Путиний барьцаанд зовж тарчилж, шоронд үхэх ёсгүй” гэж Юлия Х хуудсандаа бичсэн байна.

Кремлиэс гаргасан мэдэгдэлд өөрийн хүмүүсийг солилцохын тулд Оросын шоронд хоригдож байсан 13 хүнийг өршөөлд хамруулсан тухай дурджээ.

Харин энэ жагсаалтад солилцоонд хамрагдсан Германы иргэд болох Патрик Шобел, Херман Мойзес нарын нэр яагаад багтаагүй нь тодорхойгүй байна.

Өөр нэг Германы иргэн Рико Кригер энэ удаагийн солилцоогоор Беларусийн шоронгоос суллагдсан юм. Тэрбээр Украины дайнд сайн дураар оролцож байгаад олзлогдсон бөгөөд Беларусийн шүүхээс цаазын ял сонсоод байжээ. Энэ долоо хоногийн Мягмар гарагт ерөнхийлөгч Лукашенко түүнд өршөөл үзүүлсэн юм.

Дээр нэр дурдагдсан хүмүүсээс гадна Оросын улс төрийн хоригдол Илья Яшин, Олег Орлов нарыг энэ удаагийн солилцоогоор Өрнөдийн орнуудад шилжүүлжээ.

 

Эх сурвалж: BBC