Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Украины армийн Оросын нутаг дэвсгэрт зэвсэг ашиглах зөвшөөрлийг АНУ өргөжүүлжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Дайныг өргөжүүлэхээс болгоомжилсон АНУ-ын засаг захиргаа тусламжаар илгээсэн зэвсгийг нь ОХУ-ын нутаг дэвсгэрт ашиглахыг Украины армид зөвшөөрдөггүй байсан билээ.

Өнгөрсөн сард энэ хоригоо хэсэгчлэн цуцалж, зөвхөн Харьков хотын чиглэлд довтолж буй Оросын нутаг дэвсгэр дэх цэргийн байгууламжуудын эсрэг ашиглахыг зөвшөөрсөн юм.

Тэгвэл энэ зөвшөөрлийн хамрах хүрээ өргөжиж, Оросын аль ч бүс нутагт ашиглах боломжтой болжээ. Энэ талаар Вашингтон албан ёсны мэдэгдэл гаргаагүй ч холбогдох албан тушаалтнуудын сүүлийн үед жийсэн мэдэгдлүүдээс тодорхой харагдаж байна.

“Манай зөвшөөрөл Оросын талаас Украины аль ч чиглэлд газар нутаг эзлэхээр довтолж буй Оросын цэргийн хүч, байгууламжуудад хамаатай болж байна” гэж Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан саяхан хэвлэлд ярьсан байна.

Пентагоны хэвлэлийн төлөөлөгч, хошууч Чарли Диц “Украины газар нутгийг эзлэх зорилгоор Оросын нутаг дэвсгэрээс явуулж буй аливаа довтолгооны эсрэг АНУ-ын нийлүүлсэн зэр зэвсгийг ашиглах зөвшөөрлийг Украины талд өгсөн” гэж мэдэгджээ.

“Хэрвээ Оросын арми өөрийн нутаг дэвсгэрээс Украин руу довтолж байгаа бол хилийн цаанаас довтолж буй хүчний эсрэг хариу цохилт өгөхийг Украинд зөвшөөрөх нь үндэслэлтэй шийдвэр юм” гэж тэр нэмж тайлбарласан байна.

“Дайны турш бидний гаргасан шийдвэрүүдийг эргэж харвал, бид өмнө нь зөвшөөрөхгүй байсан зүйлээ дараа нь зөвшөөрөх явдал олон байсан. Тиймээс F-16 сөнөөгч онгоцнууд, ATACMS пуужингууд, DPICMS пуужингууд гээд аль ч зэвсгийг ашиглах боломж нээгдэж байна. Ийм шийдвэр гаргах бүрдээ бид бүх эрсдэлийг сайтар тооцдог тул би үүнийг алдаагүй гэж бодож байна. Хэзээ ч үгүй гэж хэзээ ч битгий хэлж бай” гэж өнгөрсөн долоо хоногт Брюссель хот дахь НАТО-гийн төв байранд сэтгүүлчидтэй уулзсан Пентагоны төлөөлөгч хэлж байв.

НАТО-гийн тэргүүн Йенс Столтенбэрг энэ үеэр “Орос шинэ фронт нээж, Харьковын чиглэлд шууд хилийн цаанаас довтолж байгаа. Хил болон фронтын шугам бараг ижил болоод байна. Мэдээж Оросын арми, их буу, пуужингийн батарейнууд хилийн нөгөө талд аюулгүй байгаа тохиолдолд Украинчуудад өөрийгөө хамгаалах маш хэцүү болж байгаа. Тиймээс Украин өөрийгөө хамгаалахын тулд Оросын нутаг дэвсгэр дэх цэргийн объектуудад довтлох эрхтэй бөгөөд бид тэднийг дэмжих эрхтэй гэдгийг хэлье” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: CNN