Уншиж байна ...

Ерөнхийлөгчийн санаачилсан "Цагаан алт" хөтөлбөрийг 2.2 их наяд төгрөгөөр санхүүжүүлнэ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 5 сарын 28
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мал сүргийн үнэ цэнийг өсгөх, малын гаралтай түүхий эдийг боловсруулж малчдыг дэмжих үндэсний хэмжээний “Цагаан алт” хөтөлбөрийг Ерөнхийлөгчийн Тамгын Газар (ЕТГ)-аас Улсын Их Хурал (УИХ)-ын даргад өргөн барьсан талаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн зөвлөх З.Мэндсайхан нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ талаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар "Монгол Улс өнөөдрийн байдлаар жилд дунджаар 50,000 орчим тонн ноос, ноолууран түүхий эд боловсруулах нөөцтэй. Тодруулбал 37,000 тонн нь хонины ноос, 10,000 тонн нь ямааны ноолуур, 2,000 тонн нь тэмээний ноос байдаг.

Бидний тооцоолсноор малын түүхий эдийн 70 гаруй хувийг нь дотоодод боловсруулж, зөвхөн угаах байдлаар экспортолдог. Мөн жилд 18 сая ширхэг арьс ширний нөөц бий. Үүний 70 орчим хувийг  боловсруулж чаддаггүй.

2023 оны тоон үзүүлэлтээр 5.5 сая ширхэг арьс ширийг хагас болон бүрэн боловсруулсан. Тиймээс арьс ширний бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулдаг үйлдвэр барих шаардлагатай гэж үзэж буй юм.

Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн зүгээс малын гаралтай түүхий эдийг боловсруулах, үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээ авах тухай тогтоолын төслийг дөрвөн бүтэцтэйгээр хэрэгжүүлэхээр танилцуулж байна.

Тогтоолын төслийн хүрээнд гурван жилийн хугацаанд 1.5 их наяд төгрөгийн зээл, улсын төсвөөс 682 тэрбум төгрөг гаргаснаар нийт 2.2 их наяд санхүүжилт гаргахаар төлөвлөсөн. 

Өмнө нь Ерөнхийлөгчийн санаачилгаар хүнсний салбарт томоохон өөрчлөлт хийх зорилгоор "Хүнсний хувьсгал" гэх хөтөлбөрийг хэрэгжүүлээд хоёр жил гаруйн хугацааг үдлээ. Хүнсний тухай тогтоолын төслийг анх УИХ-д өргөн барихдаа хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй нь цуг танилцуулж байсан билээ. Энэ удаагийн "Цагаан алт" хөтөлбөрийг ч бас ийм аргаар УИХ-д өргөн барихаар төлөвлөсөн. Тийм учраас УИХ-ын хаврын чуулганаар шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна" гэж ярилаа. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхийлөгчийн зөвлөх З.Мэндсайхан "Тогтоолын төслийг өргөн барихаасаа өмнө баруун аймгуудаар явж, малчин иргэдэд үндэсний хөтөлбөрөө танилцуулсан. Иргэд талархан хүлээж авч байна. Энэ хөтөлбөрийн зорилго нь хөдөө аж ахуйн салбарын экспортын хэмжээг нэмэхэд чиглэж байна. Өнөөдрийн байдлаар энэ салбарын экспортын хэмжээ 7%-ийг эзэлдэг. Үүний 95%-ийг нь ноолуур гэж хэлж болно.

Гэхдээ нийт ноолуурынхаа 25%-ийг л ашиглаж гүн боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үлдсэнийг нь угаагаад шууд гаргадаг. Үүнийг хангалтгүй гэж үзэж болно. Энэ хөтөлбөрийн хүрээнд ноолуурыг гүн боловсруулах хүчин чадлыг хоёр дахин нэмнэ. Мөн ноосыг гүн боловсруулах үйлдвэртэй болно.

Ингэж хөнгөн үйлдвэрийг дэмжсэнээр дотоодын буюу хөдөө аж ахуйн эдийн засгийн тэлэлтийг бий болгон малчдын орлогыг нэмнэ, хөдөө аж ахуйн үнийн өсөлт тогтвортой болно. Уг хөтөлбөрийг "Цагаан алт" гэж нэрлэсэн цаад шалтгаан нь малчдын бий болгосон түүхий эд, баялаг бол үнэ цэнээ алдахгүй, алт шиг байх ёстой гэсэн зорилготой. 

Одоогийн байдлаар 400 орчим сая ам.долларыг хөдөө аж ахуйн салбараас олдог. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр орлого хоёр дахин нэмэгдэж 800 орчим сая ам.долларт хүрнэ гэж тооцоолсон.

Үүний зэрэгцээ бүс нутагт хөнгөн үйлдвэрүүд бий болох, мөн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийх зэрэг асуудлыг "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэж байна. Мөн малын эрүүл мэндийн асуудал болох био вакцины үйлдвэрийг бүрэн шинэчлэхээр тусгасан. Энэ хөтөлбөрт салбарын бүх мэргэжилтнүүд оролцсон, нарийн төлөвлөгөөтэй гэдгийг онцолж хэлье" гэсэн юм.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хурлын төгсгөлд Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай "Энэ хөтөлбөрийн хүрээнд малын эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэнэ. Био бэлдмэлийн үйлдвэрийг дэмжих чиглэлээр болон одоо хэрэгжүүлж буй технологийн паркуудыг дэмжиж, эрчимжүүлэх, түүнчлэн мөшгөх тогтолцоог нэвтрүүлнэ.

Тодруулбал малчдын гар дээрээс эцсийн хэрэглэгч хүртэлх шат дамжлага бүрийг мөшгөх асуудлыг төгөлдөржүүлэхэд анхаарна. Ингээд зогсохгүй хөдөө аж ахуйн биржийн тогтолцоог сайжруулах бодлого хэрэгжүүлнэ. 

Түрүүн хэлсэнчлэн нийт санхүүжилтийн 70%-ийг банкны зээлээр олгоно гэж төлөвлөсөн. Нийт 1.5 их наяд төгрөгийн хагасыг нь эргэлттэй хөрөнгө, үлдсэн хувь нь хөрөнгө оруулалтын зээл гэсэн хэлбэрээр гарна. Тухайлбал зөвхөн ноолуурын үйлдвэрт гэхэд 200 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Мөн ноос угаах, самнах, сүлжих, нэхэх үйлдвэрийн хувьд бараг 300 орчим тэрбум төгрөг шаардлагатайг мэргэжилтнүүд нь тодорхойлсон.

Арьс ширний үйлдвэрт гэхэд 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. 

Мэргэжлийн байгууллага, хувь хүнтэй хэлэлцүүлэг хийж, иргэдээс санал авсны эцэст урт хугацаатай, боломжийн хүүтэй санхүүжилт нэн тэргүүнд шаардлагатай гэж үзсэн. Тиймээс арилжааны банкуудтай хамтраад төсвөөс хүүгийн зөрүүг нь өгөх байдлаар шийдэж болох юм гэж үзэж байна" гэж ярилаа.