Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Уул уурхайн салбарын бүс нутгийн иргэдийн дундаж цалин бусад аймгаас илүү өндөр, ядуурлын түвшин 2-3 дахин бага"

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль (СЭЗИС)-ийн багш, судлаачид “Уул уурхайн салбарын гадаадын хөрөнгө оруулалтын Монгол Улсын нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө" сэдэвт судалгааны үр дүнг өнөөдөр танилцууллаа. 

Тус судалгаагаар гадаадын хөрөнгө оруулалт урт хугацаанд Монгол эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн. Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирснээр манай улсын эдийн засгийг 22 нэгж хувиар өсгөсөн. 

Мөн уул уурхайгаас хамааралтай хүн амын ажил эрхлэлтэд эерэг нөлөө үзүүлсэн. Гэвч хөдөө аж ахуйн салбарын ажил эрхэлт буурсан талаар дурдагдсан юм. 

Үргэлжлүүлэн тус судалгааны гол үр дүнгийн талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, СЭЗИС-ийн багш Ж.Дэлгэрсайхан дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр "Энэхүү судалгаагаар дамжуулж уул уурхайн салбарыг дэмжих гэсэн өнцгөөс бус, эерэг сөрөг нөлөө, суурь нөхцөлийг судлахыг зорьсон. Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд тогтвортой бодлого хэрэгтэй. 

Манай улс хөгжлийн бодлого дээрээ нэгдсэн чиг баримтлалгүй гэсэн үр дүн гарсан. Уул уурхайн салбарын талаар олон нийт янз бүрийн хандлагатай байдаг. Гэтэл Улаанбаатар хотын иргэдээс авсан судалгаагаар уул уурхайн салбарт нийтээрээ сөрөг ханддаггүй гэх үр дүн гарсан. Энэ нь бидний хувьд хамгийн суурь нөхцөл гэж олзуурхаж байгаа. 

Тиймээс энэ салбарыг Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, урт хугацааны хөгжлийн гол тулгуур болгох ёстой гэсэн байр суурьт хүрсэн. 

Нийт иргэдийн хувьд өрхийн орлого нэмэгдсэн боловч бодит орлого өсөөгүй нь ажиглагдсан. Гэтэл манай судалгаанд уул уурхайн салбарын бүс нутгийн иргэдийн дундаж цалин бусад аймгаас илүү өндөр, ядуурлын түвшин 2-3 дахин бага гэх үр дүн гарсан. 

2008 оны үед Тавантолгой, Оюутолгой төслүүд эхэлсэн. Тухайн үеийн бодлого чиглэлүүд харьцангуй либерал байсан учраас гадаадын хөрөнгө оруулалт таван тэрбум ам.долларыг давсан.

2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсанаас хойш, манай улсын бодлого тогтвортой бус байснаас болж гадаадын хөрөнгө оруулалт буурсан. Сүүлийн 10 гаруй жилд гадаадын хөрөнгө оруулалт гэдэг зүйлийг Оюутолгой төсөл дангаараа бүрдүүлж байсан" хэмээн ярилаа.