Нийгмийн шилжилтийн заагт уул уурхай, хүнд аж үйлдвэрийн салбарт хөл тавьж, түүнээс хойш өнгөрсөн 30 жилийн уртад Монголын бизнесийн ертөнцөд өөрийн байр суурийг эзлээд буй аж ахуйн нэгж бол “Монголын Алт” (МАК) компани. Тус компанийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, техникийн ухааны дэд доктор, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Г.Цогттой ярилцлаа.
- “Монголын Алт” (МАК) компанийн 30 жилийн ой тохиож байна. Компанийн хувьд ойрын болон хэтийн ирээдүйд эдийн засгийн эргэлтэд оруулах олон томоохон төсөл бий хэдий ч өнгөрсөн 30 жилийн оргилыг Та хэрхэн тодорхойлох вэ?
- Монгол орон улс төрийн тогтолцоогоо өөрчилж, ардчилал, зах зээлийн замаар замнаж эхэлсэн 1990-ээд оны эхээр л манай компани байгуулагдаж байлаа. Юуны өмнө 30 жил гэдэг ямар цаг хугацаа вэ, энэ цаг хугацаанд нийгэмд, хүний амьдралд юу өөрчлөгдөж болох вэ, юу өөрчлөгдөв гэдгийг бодоод үзье. Монголд 30 жилийн өмнө гар утас гэж байсангүй, интернэт гэдгийг мэддэггүй байлаа. Хамгийн наад зах нь 30 жилийн өмнө төрсөн хүүхэд өнөөдөр ид хийж бүтээх насанд хүрчээ гээд бодохоор 30 жил гэдэг бас ч гэж богино хугацаа биш. Физикт материаллаг цэг хэмээх ойлголт байдаг. Тэр хэмжүүрээр бодвол энэ бол маш бага хугацаа.
- Тодруулбал?
- Ер нь бол зах зээлийн харилцаанд шилжсэн тэр цаг үед монголчууд бид бүгд л нэг гараанаас гарсан. Хэн нэгэн нь түрүүлээд зах зээлд шилжчихсэн ч юм уу, эсвэл дааж давахааргүй хөрөнгө мөнгөний хуримтлалтай, тэргүүний техник технологи оруулаад ирчихсэн зүйл байгаагүй. Анх алтны шороон ордод үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлж байлаа. Тэр үеийн төрийн болоод хувийн бүх л компани орос техниктэй байсан. Бид 1995 онд АНУ-ын “Caterpillar”-ийн хүчирхэг техникүүдийг оруулж ирсэн. Тэр техникүүдийн бүтээмж, хүч, найдвартай ажиллагаатай харьцуулах техник тухайн үедээ л байхгүй байлаа. Энэ бол МАК өсөж томрох, бяр чадал суухад хамгийн бодитой нөлөөлсөн хүчин зүйл болсон. Өөрөөр хэлбэл, МАК тухайн үед уул уурхайн салбарт гараанаас цойлж гарах эхний түлхэлт болсон гэж би хувьдаа боддог.
Нөгөө талаар тэргүүний дэвшилтэт техник технологи руу тэмүүлэх ёстой гэсэн чиг хандлагыг бидэнд суулгаж өгсөн. Дараа нь алтны үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах анхны үйлдвэрийг барьж байгуулсан. Импортын нүүрсний хэрэглээг халж, дотоодын томоохон үйлдвэр, аж ахуйн газруудад дутагдаж байсан нүүрсийг нийлүүлж эхэлсэн. Анх удаа Монголын нүүрсийг экспортолсон. Түүнчлэн компанийнхаа ирээдүй, хэтийн зорилтыг тодорхойлсон үйл ажиллагааны үндсэн чиглэл гэсэн хөгжлийн баримт бичгээ боловсруулсан гэх мэт. Ерөөс бид жил бүр л шинэ зорилт тавьж, түүндээ хүрч ирсэн нь тухайн үедээ оргил амжилт болж хэмжигдэж байсан гэж боддог.
- МАК өнөөдөр нүүрсний салбарын томоохон тоглогчдын нэг. Өнөөдөр Нарийнсухайтын орд Монгол Улсын нүүрсний экспортын түшиц газрын нэг болоод байгаа. Алсыг харсан энэ шийдвэрийг анх хэрхэн гаргаж байсан бэ?
- Хөхөлцөхийн говь гэж тухайн үед шувуунаас өөр юу ч үгүй, униар татсан цэлийсэн говь нутаг л байлаа. Тухайн үед би 30 гаруйхан настай, залуухан инженер байсан. Нарийнсухайтад анх очоод ийм хол газар уурхай нээгээд, урагш хил давуулж экспортолно гэдэг ер нь л бүтэхгүй дээ гэж бодож байлаа. Хэдийгээр тухайн үед би Үйлдвэр, техникийн газрын орлогч захирлаар “гал тогоонд” нь ажиллаж байсан гол хүмүүсийн нэг ч, “Энэ ордыг бид эдийн засгийн эргэлтэд оруулна” гэж даргыг хэлэх үед надад нэг л итгэл төрөхгүй байсан. Тэгээд удалгүй зах зээлээ судалж, улмаар БНХАУ-ын “Чинхуа” групптэй хамтрахаар шийдвэрлэсэн.
Бид хүссэн ч, эс хүссэн ч хоёр улсын хилийн боомтыг байнгын үйл ажиллагаатай болгох, Хятадын зах зээлд нүүрсээ таниулах, хэрэглэгч бий болгох гээд олон асуудлыг шийдвэрлэхийн тулд Хятадын компанитай хамтрах шаардлага гарсан. Улмаар хоёр улсын хооронд хил дамнасан өндөр хүчдэлийн шугам барьж, Өмнөговийн Гурвантэс, Ноён, Сэврэй хэмээх гурван сумыг эрчим хүчний байнгын эх үүсвэрт холбон, хилээс 56 км хатуу хучилттай авто зам тавьсан. Боомтыг эхнээс нь цэгцтэй, бодлоготой хөгжүүлэх чиглэлд анхаарч ажилласан даа. Тийм ч учраас Шивээхүрэн боомтын өнгө төрх бусад боомтоос арай л өөр. Нүүрсний экспортын энэхүү төсөл МАК-ийн хөгжил дэвшилд дараагийн том түлхэц болсон. Хөхөлцөхийн говьд уурхай байгуулах бүтэшгүй мэт санагдаж байсан бол өнөөдөр Монгол Улсын эдийн засгийг нуруун дээрээ авч яваа том үйлдвэрлэл тэнд өрнөж байна.
- МАК-ийн дараагийн бүтээн байгуулалтууд барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр өргөжсөн. Энэ талаар тухайн үед МАК ямар бодлого, чиглэл баримталж байсан юм бэ?
- МАК барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт орох зорилтыг 2000-аад оны эхэн үед тодорхойлсон ч цементийн үйлдвэрийн гэрээг эцэслэх хүртэл бараг арваад жилийн хугацаа зарцуулсан байдаг. Гэхдээ түүхий эдийн судалгаа гүйцэтгэх, зураг төсөл боловсруулах, гэрээ хэлцэл байгуулах, технологийн сонголт хийх гээд цагийг бүрэн дүүрэн ашиглаж чадсан. Евроблок, цементийн төслүүдийг бид зэрэг шахуу эхэлж, 2015 онд Евроблокийн үйлдвэрээ ашиглалтад оруулж байлаа. Дараа нь хаалга, цонхны үйлдвэр, агааржуулалтын хийцийн үйлдвэр гээд үргэлжилсэн. Барилгын материал үйлдвэрлэлийн төслүүд цаашид ч үргэлжилнэ.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд ирээдүйгээ харах, цагийг мэдрэх, төслөө бэлтгэх гээд их зүйлд бид суралцсан. Түүнийг хэн ч зааж өгөөгүй, гагцхүү явцын дунд өөрсдөө ажигласан, суралцсан. Гадагшаа томилолтоор маш их явдаг байлаа. Тэр бүрд зөвхөн тухайн томилолтын удирдамжийн хүрээнд гэхээсээ илүү эргэн тойрны бүхий л зүйлийг ажиглаж ирдэг байсан. Жишээ нь, уурхайчдын кэмп, уурхайн оффис, хоолны газар ямар байх ёстой гэхчлэн ажиглаж, түүнийгээ боловсруулж, тэр бүгдийг Монголдоо үйлдвэр, уурхайнууддаа шингээсэн. Энэ бүгд сүүлдээ МАК-ийн өнгө төрх, соёлыг бүрдүүлэгч жижиг элемент болсон болов уу гэж хардаг.
- Зэс, молибденийн нөөцөөр Монголд гуравдугаарт бичигдэхүйц ордын бүтээн байгуулалтыг үндэсний хувийн хэвшлийн компани дангаараа гүйцэтгэж байна. Цагаансуваргын төслийн гол онцлог нь юу юм бэ?
-Монгол Улс өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам багатай, байгалийн асар их нөөц баялагтай улс. Энэ их баялгийг ямагт гаднын компанид өгөөд, тэдэнтэй хамтраад байх уу? Уул уурхайн ашиглалт, гүн боловсруулалтыг хэзээ нэгэн цагт хэн нэгэн монгол аавын хүү өөрсдөө хийж чаддаг байх хэрэгтэй болно. Тэр үүднээс Цагаансуваргыг монголчууд өөрсдөө хэрэгжүүлж, хөгжүүлж, монголчууд зэсийн орд, баяжуулах үйлдвэрийг удирдаж, ажиллуулж чаддаг гэдгийг харуулахыг зорьж байна. Өдгөө дэлхий дахин даяаршиж, бүхий л технологи бидэнд нээлттэй болсон. Улс орноо сайхан хөгжүүлэх боломж бүрэн байна. Цагаансуваргын төслийн анхны санаа, концепц ийм байсан, өнөөдөр ч хэвээр байгаа. Монголчууд өөрсдөө чаддаг гэдгийг энэ төслөөрөө батлан харуулахыг МАК зорьж байгаа. Ерөөсөө улс орны хөгжил гэлтгүй, хувь хүний хөгжил ч гэсэн өөртөө, өөрсдөдөө л найдахад оршдог. Хэн нэгэн ирж хөгжүүлнэ гэж найдах хэрэггүй гэж боддог. Тийм учраас бид өөрсдийн цаг үедээ энэ үйлдвэрийг босгоно. Бидний хийсэн алдаа, оноон дээр суралцаад дараагийн үе дараа дараагийн олон үйлдвэрийг өөрсдийнхөөрөө шийдээд явах болов уу. Энэ бол гол онцлог нь гэж л хэлмээр байна.
- МАК өөрийн бизнесээр дамжуулан Монгол Улсыг эдийн засаг төдийгүй нийгмийн хувьд хөгжүүлэхийг алхам тутамдаа эрмэлзэж, эрэлхийлж байдаг нь таны ярианаас анзаарагдаж байна. МАК-ийн дараагийн хэрэгжүүлэх төсөл нь юу байх вэ?
- Монгол Улсын Засгийн газар аж үйлдвэржилтийн сэргэлтийн асуудлыг онцгойлон чухалчилж байна. Үүнд бид нэлээд ач холбогдол өгч, хүч, түүчээ нь болж явахыг хүсэж байгаа. Аж үйлдвэржилтийн үндэсний хороо байгуулагдаж, түүний дотор Нүүрсний гүн боловсруулалтын, Зэсийн, Төмөрлөг, Хөнгөн үйлдвэрийн гээд дэд хороод үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн нэг - Нүүрсний гүн боловсруулалтын дэд хороог манай Бодлогын зөвлөлийн дарга тэргүүлдэг. Миний бие мөн тэр Аж үйлдвэржилтийн хорооны, мөн Зэсийн дэд хорооны гишүүнээр ажилладаг.
Юуны өмнө зэс хайлуулах үйлдвэрийг тодотгоё. Монгол Улс зэсийн баяжмалаа ямагт баяжмалаар нь экспортлоод байх уу, эсвэл түүнийг боловсруулаад, нэмүү өртөг шингээж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үү гэдэг асуудлыг энэ цаг үед шийдвэрлэх магадлал маш өндөр байгаа. Өнөөдөр цаг нь болсон, бүх зүйл нь бэлэн байна. Энэ бол манай улсын хөгжлийг өөд нь татаад босгох бүтээн байгуулалт болно гэж би хувьдаа хардаг. Ер нь дэлхийн практикт тухайн улс нэг сая тонноос дээш баяжмал үйлдвэрлэж байгаа тохиолдолд зэс хайлуулах үйлдвэр байгуулах нь эдийн засгийн өндөр үр ашигтай байдаг. Эрдэнэт өнөөдөр 560 мянган тонныг үйлдвэрлэж байна. Оюутолгойн үйлдвэрлэл 1-2 сая тоннд хүрнэ. Цагаансуварга 300 мянган тонн баяжмал гаргана гэж тооцвол Монгол Улсад зэс хайлуулах үйлдвэр байгуулах урьдчилсан нөхцөл, нөөц хангалттай бий. Баяжмалаа бид дотооддоо цэвэр зэс болгон хайлуулж, түүнд дагалдах олон элемент, металлыг салгаж авч чадвал Монгол Улсын эдийн засаг сэвхийтэл сэргэнэ. Манай ард түмэн авхаалжтай. Зэс хайлуулах үйлдвэр байгуулбал нэг нь “Toyota” автомашины аккумуляторын толгой хийх үйлдвэрийг Монголд байгуулахыг үгүйсгэхгүй. Энэ маягаар түүнд түшиглэн жижиг, дунд үйлдвэрлэл ч хөгжих боломжтой. Улмаар орлогоо, баялгаа Монголдоо шингээх бололцоо бүрдэх юм.
Нөгөө талаас, дэлхий нийтийн чиг хандлага, хөгжил, ирээдүй 2050 он гэхэд энергийн эх үүсвэрийг устөрөгч гэж тодорхойлоод байна. Хөгжингүй орнууд ирээдүйд одоогоос бэлтгэж, хөгжүүлэлт хийж байна. Япон, Герман, АНУ тэргүүлж, Хятад араас нь нэхэж байна. Тиймээс бид тэдний явсан замаар араас нь дагах бус, харин хөгжүүлэлтийн явцад дундаас нь ормоор байгаа юм. Устөрөгчийг гаргаж авах хамгийн том эх үүсвэр бол нүүрс. Нүүрс тэр чигээрээ устөрөгч, нүүрстөрөгчийн нэгдэл. Тиймээс бид нүүрсний гүн боловсруулалтын чиглэлээр ажиллаад эхэлсэн. Өнөөдөр тулгамдаад буй хүлэмжийн хий, нүүрсхүчлийн хийн асуудлыг дэлхий дахин таван жилийн дотор бүрэн шийдэх боломжтой гэж ярьж байгаа. Тэр ч бүү хэл нүүрсхүчлийн хийг бүтээгдэхүүн болгох чиглэлд ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, 2050 оноос хойш дэлхий нийтээрээ устөрөгчийн эрин үе рүү шилжих хандлагатай байгаа. Их хол мэт сонсогдож магадгүй. Гэхдээ цаг хугацаа маш хурдан өнгөрдөг. Энэ бол МАК-ийн ирээдүйн хөгжил, ирээдүйн зорилго. МАК-ийн ирээдүй ногоон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!