Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Газрын тосны үйлдвэрийн анхдагч процессын байгууламжууд болон цахилгаан станц барих ажил 10 гаруй хувьтай байна"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн барилгын ажлын суурийг одоогоос таван жилийн өмнө буюу 2018 онд тавьж байв.

Уг үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны Лхагва гарагийн/2023.12.13/ хуралдаанаар хэлэлцлээ.

Газрын тос боловсруулах үйлдвэр жилд 1.5 сая тонн түлш, шатахуун үйлдвэрлэх хүчин чадалтай. Бүтээгдэхүүн сайн чанарынх байх учир 2027 он гэхэд дотоодын зах зээлийн 70-75 хувийг хангана гэж тооцож байгаа аж.

Байнгын хорооны хуралдаанаар яригдсан асуудлууд:

Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, сайд Б.Тулга: Газрын тос боловсруулах үйлдвэрийн технологийн бус байгууламжийн ажлууд 98.4 хувийн, анхдагч процессын болон дагалдах байгууламжуудын ажлын гүйцэтгэл 10.4 хувьтай, цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 10.9 хувьтай байна.

Лицензтэй технологийн байгууламжийн хувьд төслийн зээлийн шугамд оруулаагүй боловч ажил эхлүүлэх уулзалтууд хийгдэж байгаа.

Харин төмөр зам, авто замын ажил бүрэн дуусаж ашиглалтад орсон, үйлдвэрийн хотхоны барилгын нэгдүгээр ээлжийн таван орон сууц, болон оффис үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 81 хувьтай, хоёрдугаар ээлжийн зургаан орон сууцны барилгын ажлын явц 28 хувьд хүрсэн.

Төслийн хөнгөлөлттэй зээлээс гэрээлэгчдэд төлбөр төлөх болон бүтээн байгуулалтад шаардлагатай бараа материал техник тоног төхөөрөмжийг зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу татвараас чөлөөлөх зэрэг асуудлууд удааширсныг шийдвэрлэж, ажлыг хэвийн явуулж байгаа.

Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд зориулан буцаж гарах нөхцөлтэйгөөр импортоор оруулах техник, тоног төхөөрөмжийн гаалийн нутаг дэвсгэрт түр горимд байх хугацааг үйлдвэр барьж дуусах хугацаагаар зохицуулах асуудлыг Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Эксим банк хооронд байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт оруулж шийдвэрлэхээр ажиллаж байна.

Цар тахал болон бусад шалтгаанаар төслийн эхний үе шатны ажлуудын төсөвт өртөг нэмэгдэж, хугацаа удааширснаас үүссэн асуудлыг холбогдох хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэж эхлээд байгааг танилцуулав.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Монгол газрын тос боловсруулах үйлдвэр төрийн өмчит компанийг аль яам хариуцаад байгаа нь тодорхойгүй байгааг тодорхой болгох чиглэлийг Засгийн газарт өгсөн боловч одоо болтол шийдэгдээгүй байна. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлууд зогсонги байдалд орсныг хөдөлгөх санхүүжилтийг 2024 оны улсын төсөвт тусгах асуудал мөн шийдэгдээгүй.

Тамсагийн орд газраас үйлдвэр хүртэл газрын тос дамжуулах хоолойн ажил эхэлсэн боловч олборлогч компаниудтай гэрээ байгуулаагүй.

Газрын тосны хайгуул хийх компаниудыг яаралтай сонгон шалгаруулж ажилд нь оруулах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажилд анхаарал хандуулах шаардлагатай. Энэ үйлдвэрээ нэн даруй барьж авахгүй бол хөрш улсууд хил, гаалиа хаах, нийлүүлэлтээ зогсоох тохиолдолд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн бүх үйл ажиллагаа зогсоход хүрнэ.

УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр: Тус үйлдвэртэй холбоотой дотооддоо байгуулах дэд бүтцийн ажлуудыг өөрсдөө хийнэ гэсэн шийдвэрийг Засгийн газар 2018 онд гаргаж, Хөгжлийн Банкнаас 100 орчим сая ам.долларын зээл авсан.

Явцын дунд Хөгжлийн Банк төслийн зээлийн хүүгийн хэмжээ 67 тэрбум төгрөгт хүрч, барьцаа хөрөнгө хангалтгүй болсон гэсэн үндэслэлээр 2023 оноос зээлийг зогсоосон. Төслийг цааш үргэлжлүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг улсын төсөвт суулгах боломжгүй байсан. Иймд төслийн удирдлагыг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн.

Газрын тосны тухай хуульд, боловсруулах үйлдвэр барьж байгуулсан тохиолдолд нэн тэргүүн ээлжид тосоо нийлүүлнэ гэж заасныг "Петро Чайна Дачин Тамсаг" компани мөрдөхөө илэрхийлсэн.

зураг
 

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Үйлдвэрт нийлүүлэх газрын тосны үнэ ханш, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардагдах нэмэлт орцуудын хангалт, хаягдалгүй үйлдвэрлэл явуулж, дагалдах бүтээгдэхүүн гаргах урьдчилсан төлөвлөлт хэрхэн хийгдсэн бэ?

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэг: Үйлдвэрлэлд шаардлагатай нэмэлт орцууд болох устөрөгч, химийн урвалжуудыг лиценз эзэмшигч компаниудаас нийлүүлэхээр гэрээ байгуулсан.

Харин азот зэрэг бага хэмжээний химийн бодисуудыг үйлдвэр өөрөө импортоор оруулж ирнэ. Үйлдвэр орчин үеийн шаардлага хангасан өндөр чанарын түлш, шатахуун үйлдвэрлэх бөгөөд дагалдах бүтээгдэхүүн нь мазут 100 стандартаас дээгүүр чанартай зуухны түлш байна.

Дагалдах бүтээгдэхүүнээрээ үйлдвэр өөрийн цахилгаан станцыг тэжээж, илүү гарах бага хэмжээний түлшийг гадаадын зах зээлд борлуулахаар төлөвлөсөн.

Цаашдаа үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр нэмүү өртөг шингэсэн өндөр чанарын тос тосолгооны материал үйлдвэрлэх боломжтой.

УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны дарга Г.Ганболд: Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих ёстой төрийн байгууллагуудын уялдаа холбоо муу байна.

Бодлого, удирдлагын бүх талын дэмжлэгийг таслахгүй байж үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулах шаардлагатай.

Бүтээн байгуулалтыг гүйцээх, компанийн үйл ажиллагааг санхүүжүүлэх ажлыг хүндрэл, чирэгдэлгүй шийдвэрлэхэд анхаарах хэрэгтэй. Инженер техникийн ажилтан, боловсон хүчин бэлтгэх, газрын тосны хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлээр Байнгын хорооны 04 дүгээр тогтоолоор өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн тухай мэдээллийг намрын чуулган завсарлахаас өмнө дахин сонсож, хэлэлцэх нь зүйтэй.

“Эрдэнэс Монгол” ХХК-аас “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит ХХК-д одоогийн байдлаар 3.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 10.9 хувийн хүүтэй зээлээр олгоод байгаа аж.

Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлуудыг үргэлжлүүлэх үүднээс тус компаниас Хөгжлийн Банканд найман тэрбум төгрөгийн зээлийн баталгаа гаргаж өгчээ. 

Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн дагуу Давст 31 талбайг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит ХХК-д эзэмшүүлж, хайгуул, олборлолтын үйл ажиллагааг үйлдвэр өөрөө олон улсын тендер зарлаж, гадаадын хөрөнгө оруулагч компаниудтай хамтран ажиллаж шийдвэрлэхээр зохицуулсан байна. Компани олон улсын тендер зарласан боловч санал ирүүлсэн компани байгаагүй тул Давст 31 талбайн хайгуул, олборлолтын үйл ажиллагааг үйлдвэр өөрийн ажлын хүрээнд зохион байгуулахаас аргагүй болжээ.