Лхагва гарагт Берлин хотод Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийг айлчлах үеэр Германы канцлер Фридрих Мерц тус улс Оросын нутаг дэвсгэрийн гүнд довтлох боломжтой алсын тусгалын шинэ зэвсэг үйлдвэрлэхэд нь Киевийн эрх баригчдад туслахаар болсныг зарлажээ.
Дараа нь хоёр улсын батлан хамгаалахын сайд нар уг зэвсгийг Германы хөрөнгө оруулалт, технологийн тусламжтай Украинд үйлдвэрлэх санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Гэхдээ шинэ зэвсгийн техникийн үзүүлэлтүүд болон ямар нэртэй үйлдвэрлэгч оролцох талаар тодорхой мэдээллийг дурдаагүй юм.
“Тусгалын ямар нэг хязгаарлалт байхгүй. Украин улс өөрийгөө бүрэн хамгаалах, тэр ч байтугай өөрийн газар нутгийн гаднах цэргийн байгууламжуудад довтлох боломжтой болно” гэж хамтарсан хэвлэлийн хурлын үеэр Мерц мэдэгджээ.
Энэ үеэр Украины ерөнхийлөгч Орос улс энхийн гэрээ байгуулах үйл явцыг саатуулж байгааг буруутгаад “Тэд дайныг зогсоохгүй байх шалтгааныг байнга хайх болно” гэж хэлсэн байна.
Мерц энэ талаар “агаарын довтолгоонууд, ялангуяа амралтын өдрүүдэд Киевт өгсөн агаарын цохилт нь тэд энх тайвныг биш дайн түрэмгийллийг хүсэж байгааг илэрхийлж байна. Энэ бол Украин төдийгүй дайны галыг зогсоохыг чармайж буй Европ, АНУ-ын бүх хүмүүсийн нүүр рүү нулимсан хэрэг юм” гэж дүгнэжээ.
Балтийн тэнгисийн “Nord Stream” дамжуулах хоолойгоор байгалийн хийн нийлүүлэлтийг сэргээх талаар Орос, Америкийн хөрөнгө оруулагчид хэлэлцэж байгаа тухай мэдээллийн талаар сэтгүүлчдийг асуухад Мерц ийм зүйл болохгүйн тулд “Герман улс бүхнийг хийх болно” гэж амласан байна.
Энэ сарын эхээр Германы канцлер болсон Мерц эзлэн түрэмгийллийн эсрэг Украины тэмцлийг тууштай дэмжихээ амласан ч яг ямар зэвсэг үйлдвэрлэхэд нь туслах талаар мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
“Хамтарсан үйлдвэрлэл Украинд ч, Германд ч явагдах боломжтой. Бид одоогоор илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй” гэж тэр хэлсэн байна.
Мерц саяхан телевизээр ярихдаа “Украинд нийлүүлэх холбоотнуудын аливаа зэвсгийн тусгалд хязгаарлалт байхгүй болсон. Энэ нь Их Британи, Франц, АНУ-ын бүх зэвсэгт хамаатай” гэж хэлж байжээ.
Германы батлан хамгаалах яам Украинд шууд хөрөнгө оруулах гэрээ байгуулагдсанаар “Энэ онд их хэмжээний алсын тусгалын зэвсэг үйлдвэрлэх боломжтой болно. Эхний хэсэг нь хэдхэн долоо хоногийн дараа Украины зэвсэгт хүчинд нийлүүлэгдэнэ. Украины тал уг зэвсгийг хэдийнээ ашиглаж байгаа тул нэмэлт сургалт шаардлагагүй” гэж мэдэгдсэн байна.
Үүнээс гадна Германы парламентын өмнө нь баталсан 5 тэрбум еврогийн тусламжийн хүрээнд Украинд сум, жижиг зэвсэг, хиймэл дагуулын холбоо, эмнэлгийн хэрэгслийг илгээж байгааг бас мэдээлжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!