Гадаадад суралцсан ч эх орондоо эргэн ирж, өөрийн мэдлэгээ ашиглан амжилтад хүрч чадах бүтээлч Монгол иргэнийг бэлдэхийг тэд зорилго болгожээ. Тиймээс Туул голын хөвөөнөө гэр сургууль барин, хүүхдийг багаас нь байгальтай ойрхон байлгаж, Монгол ахуй амьдрал, уламжлалт ёс заншлыг сургахын зэрэгцээ, дэлхийн боловсролыг эзэмшүүлэх аж.
“Эрдмийн гүүр элит” сургуулийн алсын хараа, үнэ цэн, эрхэм зорилго, 10 гаруй жилийн түүхийг сөхвөөс уншигч “Алтан таван хошуу” тавих нь эргэлзээгүй.
- Туул голын хөвөөнд, Цомцог гэр барьж, Эрдмийн гүүр элит сургуулийн бага ангийн сурагчдыг хичээллүүлэхээр бэлтгэж ажилдаа ороод байгааг нь сонслоо. Гэр сургууль ирэх есдүгээр сараас ашиглалтад орох уу?
- Гэр сургуулиа ирэх есдүгээр сарын нэгнээс өмнө ашиглалтад оруулж, хүүхдүүд маань хичээллэхэд бэлэн болно. Хотын дуу чимээ, түгжрэлээс хол, утаа, нарийн ширхэгт тоосонцроос Туул голынхоо усан мандлаар тусгаарлагдан, байгалийн чимээг сонсож, тав тухтай хичээллэх боломжийг бид сурагчдадаа олгож байгаадаа баяртай байна. Байршлын хувьд, Бага тэнгэрийн амны эсрэг талд хотын төвөөс 6 км. Мөн голын эрэг тусгай хамгаалалтын бүс учраас том байшин барьж, хөрсийг ухаж болохгүй. Тиймээс байгаль орчиндоо ээлтэй Цомцог гэр барихаар болсон юм. Энэ нь нөгөө талаасаа монгол ёс заншил, уламжлалт ахуйтайгаа сурагчдыг ойр байлгах гэсэн санаа.
Монголд нэг үеэ бодвол олон хувийн сургууль бий болжээ. Тэд олон улсын хөтөлбөрүүдээр сурагчдыг бэлтгэдэг. Өнөөдөр хүүхэд, залуус маань гадаад хэлээр төрөлх хэлнээсээ илүү ярьж, бичдэг болсон нь өв соёл, уламжлалаасаа улам л холдож буйг илтгэнэ. Монголд гэхээсээ илүү өөр нэг улс оронд хэрэгтэй хүн бэлдээд байгаа юм биш биз гэсэн эргэлзээ ч бий. Тиймээс байгальтайгаа ойрхон орчинд, монгол гэр дотроо монгол ахуйг бүрдүүлж, сурагчдадаа дэлхийн боловсролыг олгох юм.
-Танай сургуулийг төгсөөд, гадаад руу суралцахаар явсан хүүхдийн хэдэн хувь нь буцаж эх орондоо ирдэг вэ?
-Бид анх Эрдмийн гүүр боловсролын төвийг 2009 онд байгуулж байлаа. 10-н жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсны эцэст 2019 онд “Эрдмийн гүүр элит” бүрэн дунд сургуультай болсон. Боловсролын төвд нийт 5000 гаруй хүн суралцсан бөгөөд БНХАУ руу явсан хүүхдүүдийн 98 хувь нь эх орондоо буцаж ирж, хөдөлмөрлөж байна. “Эрдмийн гүүр элит” сургуулийн хувьд хоёр дахь удаагийн төгсөлтөө энэ хавар хийнэ. Манай сурагчид аль ч оронд очсон хэлний өндөр боловсролтой, эх түүхээ мэддэг Монгол хүн гэдгээ бардам хэлж чаддаг болж төлөвшдөг. Энэ нь бидний амжилтыг хэмжих нэг гол үзүүлэлт.
-Бага сургууль хэдэн хүүхдийн багтаамжтай вэ. Мөн хүүхдийг гол усны аюулаас хэрхэн хамгаалж байгаа вэ?
- I-V ангийн 125 хүүхдийн багтаамжтай. Анги дүүргэлтийн хувьд нэг ангид 25 хүртэл хүүхэд суралцана. Мөн цөөн тооны цэцэрлэгийн хүүхдүүдийг элсүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Сургуулийн эргэн тойронд хүүхдийн аюулгүй байдлыг дээд зэргээр хамгаалах хашаа, тэмдэг тэмдэглэгээг нарийн стандартын дагуу суурилуулахаар ажиллаж байна. Цомцог гэрийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн, дулаахан тохилог байхаар өндөр чанартай үйлдвэрлүүлэхээр захиалга өгсөн.
Сурагчдад эхний жилээс нь аюулгүй байдлын сургалтууд орно. Тэд хаана ч ямар ч аюулаас өөрийгөө хамгаалах, бусдад хэрхэн тусламж үзүүлэх аргуудад суралцана гэсэн үг.
-Багш нарын болон хичээлийн хөтөлбөрийн хувьд ямар онцлогтой вэ?
-Манайх цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ олон улсын боловсролын хөтөлбөрүүдийн давуу талуудыг судалж, хэрэгжүүлдэг. Ингэснээр хүүхэд бүтээлч сэтгэлгээтэй гадаад хэлний өндөр мэдлэгтэй болдог. Мөн хүүхдэд хайртай, ажилдаа дуртай, туршлагатай багш нарыг сонгодог.
Монгол өв соёл, уламжлалыг ойлгуулж таниулах, түүхээ мэддэг болгох, хүүхдийг багаас нь зөв төлөвшүүлэхэд чиглэсэн олон сонирхолтой хичээлүүд төлөвлөөд байгаа. Багаасаа монгол ахуйтай орчинд суралцахаар сэтгэлгээ нь өөр болох болно.
Гадаад хэлний хувьд англи, хятад хэл заана. Тиймээс Хятад хэлний төв аялгаар ярьдаг багшийг БНХАУ-аас, Англи хэлний мэргэжлийн багшийг АНУ, Сингапур, Филиппинээс авчрахаар болсон.
Мөн нэмэлтээр ширээний теннис, хөдөлмөр, төгөлдөр хуурын хичээлүүд орно. Хөдөлмөрийн хичээлээр хүүхдийн гар хурууны хөгжил, сэтгэлгээг хөгжүүлэх, эртнээс бие дааж сургах мэдлэгийг олгоно. Ширээний теннис бол гэмтэл бэртэл багатай, харааны чадварыг сайжруулдаг гээд олон давуу талтай спорт.
-Хүүхдүүд хэдэн цаг хичээллэх вэ. Мөн төлбөр ямар вэ?
-Өглөөний найман цагаас оройн таван цаг хүртэл хичээллэнэ. Хүүхдийн автобустай байхаас гадна эцэг эхчүүд хүсвэл хүүхдээ 19 цаг хүртэл сургууль дээр нь үлдээж болохоор зохицуулалтыг хийхээр төлөвлөсөн. Мөн эцэг эхэд тулгардаг нэг асуудал нь ажлаасаа ирээд, хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэх байдаг.
Бид гэрийн даалгаврыг сургууль дээр нь хийлгэж, гэртээ амрах боломжийг хүүхдүүддээ олгодог. Мөн бага насны хүүхдүүдийг өдрийн цагаар унтуулдаг. Энэ нь сурагчдын сурлагын чанар, эрүүл мэнд зэрэгт чухал нөлөөтэй болох нь олон судалгаагаар батлагдсан. Сургууль дээрээ 9 цагаас өглөөний цай, 12:30-д өдрийн хоол, орой хөнгөн зууш өгөөд гэрт нь хариулна. Ингэхдээ хүүхдэд хэрэгтэй шим тэжээлээр баялаг хоол хүнсийг өгөхөд хамгийн их анхаарч байгаа. Төлбөрийн хувьд гэвэл нэг жил нь 10 сая төгрөг.
-Хоцрогдолтой хүүхэд шилжиж орлоо гэхэд тусгай программ гэж бий юү?
-Гарааны үнэлгээ гэж байгаа, хоцрогдолтой хүүхдүүддээ тусгай программаар хичээллүүлнэ. Тухайн хүүхдэд багш томилж, ганцаарчилсан хичээлүүд үзэж, богино хугацаанд хоцрогдлыг нөхөн, үндсэн анги руу нь оруулах зарчмаар явна.
-Монгол, Англи, Хятад хэл зэрэг заахаар хоорондоо харших зүйл бий юү. Эдгээр хэлийг заахдаа ямар сурах бичиг ном ашиглах вэ?
-Монголчууд дээр үед гэр сургалтын аргаар таван хэл зэрэг сурдаг байсан. Тиймээс хэл зэрэг сурахад харших зүйл үгүй. Гол анхаарах зүйл нь сурах бичиг. Хятад хэл заана гээд хятад хүүхдүүд үздэг, хятадын дунд сургуулийн сурах бичгийг ашиглаж болохгүй. Манай сургууль Гадаад хүн хэрхэн Англи, Хятад хэлийг сурдаг арга барил, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр монгол хүн гадаад хэлийг эзэмшихдээ эх хэлнийхээ давуу талыг бүрэн ашиглаж тухайн хэл рүү чөлөөтэй хөрвүүлэх чадварыг эзэмших юм.
-Танайд хүүхдээ сургая гэж байгаа эцэг, эхчүүдэд ямар амлалт өгч чадах вэ?
-“Эрдмийн гүүр элит” сургуулийн хамт олон танай хүүхдийг дэлхийн аль ч оронд очсон мэдлэг чадвараараа үнэлэгдэх, сурах зөв дадлыг өөрийн болгосон, төлөвшсөн Монгол иргэн болгоно. Манай сургуулийг төгсөөд, дараагийн шатандаа гадаадад сурлаа гэхэд Монголоор бахархдаг, эх орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэдгээ ухамсарласан хүүхдийг бэлдэнэ. Та бүхэн манай сургуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 72721919 дугаараас авч болно.
“Эрдмийн гүүр боловсролын төв” 2009 онд нээгдэж байсан түүхтэй. Харин өдгөө 5000 гаруй төгсөгчидтэй бөгөөд сар бүр тогтмол 80-100 оюутан, сурагчид сургалтад хамрагдаж байна. 2023 – 2024 оны хичээлийн жилд бага сургуульдаа элсэлт авч эхлээд байна. Тус сургуулийн үүсгэн байгуулагч Ө.Манлайхүү яриандаа “Гадаадад биш Монголд хэрэгтэй боловсон хүчин бэлддэг. Энэ нь манай сургуулийн хамт олны эх орныхоо төлөө оруулж байгаа том хувь нэмэр, үнэ цэн” гэдгийг онцлон дурдаж байлаа. Тэд анхнаасаа л боловсролын салбарыг бизнес гэж бодохгүйгээр, хүүхдийн төлөө гэсэн өндөр ёс зүйг баримтлан ирсэн нь өдгөө сурагчдынх нь хэлний мэдлэг, сурлагын чанар, хүмүүжил төлөвшлөөс тод харагдана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!