Монгол Улсад хөрөнгийн зах зээл эрчимтэй хөгжиж байгаа ч санхүүгийн систем дэх байр сууриа хангалттай бэхжүүлж чадаагүй хэвээр байна. Энэ асуудлын талаар болон хөрөнгө оруулагчдад ээлтэй орчныг бүрдүүлэхийн тулд ямар бодлогын өөрчлөлт шаардлагатай байгаа талаар Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны Гүйцэтгэх захирал Б.Буянхишигтэй ярилцлаа.
– Та өөрийгөө товч танилцуулж, хийж буй ажлынхаа талаар уншигчдад мэдээлэл өгнө үү?
Намайг Б.Буянхишиг гэдэг. Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны Гүйцэтгэх захирлаар 2022 оноос хойш ажиллаж байна. Үүнээс өмнө хөрөнгийн зах зээлтэй холбоотой бизнесийн салбарт ажилласан туршлагатай. Бидний гол үүрэг бол зах зээлд оролцогч үнэт цаасны компаниудын эрх ашгийг хамгаалах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын туршлагыг нэвтрүүлэхэд чиглэгддэг.
– Сүүлийн үед холбооноос хэрэгжүүлж буй гол ажлуудаас онцлооч?
Энэ оны хамгийн томоохон ажил бол ирэх 9-р сард Улаанбаатар хотноо болох “Азийн Үнэт Цаасны Форум”-ын 30 дахь удаагийн уулзалтыг анх удаа зохион байгуулах гэж буй явдал. Энэ арга хэмжээнд Азийн бүс нутгийн хөрөнгийн биржүүд, мэргэжлийн холбоод, зохицуулагч агентлагууд оролцож, улс бүрийн тулгамдаж буй асуудал, хөрөнгө оруулалтын боломж, шийдлүүдийг хэлэлцэнэ. Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсад таниулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах боломжийг энэ арга хэмжээ нээж өгнө гэж бид харж байна.
– Дотоодын зах зээл дээр ямар ахиц, сорилтууд байна вэ?
2024 оны эцсийн байдлаар Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 13 их наяд төгрөгт хүрч, нийт арилжааны дүн 10.5 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Зөвхөн үнэт цаасны арилжаа гэхэд 1.5 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оноос хоёр дахин, 2020 оноос 24.2 дахин өссөн үзүүлэлт юм.
Гэвч тоон өсөлтөөс гадна зах зээлийн итгэлцлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин бүрдүүлэх нь бидний өмнө тулгамдаж буй бодит зорилт. Хөрөнгийн зах зээл зөвхөн үнэт цаасны арилжааны платформ бус, макро эдийн засгийн хөгжилд жинтэй нөлөөтэй санхүүжилтийн сувгийг бүрдүүлж байдаг.
– Төр засгаас хөрөнгийн зах зээлийг хэрхэн дэмжих хэрэгтэй гэж та үзэж байна вэ?
Банкны салбарыг 1990-ээд оноос хойш төр бодлогоор шууд болон шууд бусаар дэмжиж ирсэн байдаг. Харин хөрөнгийн зах зээлийн хувьд ижил хэмжээний дэмжлэг одоог хүртэл бүрэн хэрэгжээгүй байна. Үүний улмаас санхүүгийн системийн 90 гаруй хувийг өнөөдөр банкны салбар эзэлсээр байгаа нь эрсдэл даах чадвар, олон талт байдлыг хязгаарлаж байна.
– Хөрөнгийн зах зээлийн бодит дэмжлэг ямар хэлбэрээр хэрэгжих боломжтой вэ?
Төрөөс хэрэгжүүлдэг хөнгөлөлттэй зээл, төсөл хөтөлбөрүүд банкны сувгаар дамжиж байгаа нь маш нэг талтай зохицуулалт. БНСУ зэрэг улс орнуудад бол эдгээр хөтөлбөрийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжүүлэх туршлага тогтсон байдаг.
Мөн хөрөнгө оруулалт татах чадамжийг нэмэгдүүлэхийн тулд татварын орчныг эргэж харах зайлшгүй шаардлагатай. Одоог хүртэл хадгаламжийн хүүтэй ижил түвшинд буюу илүү эрсдэлтэй үнэт цаасанд хөрөнгө оруулж буй иргэд татварын таагүй нөхцөлд ажиллаж байна.
– Татварын орчныг хэрхэн өөрчлөх саналтай байгаа вэ?
Бидний зүгээс дараах гурван чухал санал дэвшүүлээд байна:
– Зарим тохиолдолд татварын хөнгөлөлт нь улсын төсөвт дарамт болно гэж үздэг. Танай байр суурь?
Бидний хийсэн урьдчилсан тооцоогоор дээрх төрлийн татварууд 2024 онд нийт 40 орчим тэрбум төгрөгийг төсөв төвлөрүүлсэн байсан. Энэ нь төсвийн орлогын бууралт нь маш бага хувийг эзлэх бөгөөд энэ нь урт хугацааны өгөөжтэй байх боломжтой. Хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр шинэ аж ахуйн нэгжүүд санхүүжилт татах, ажил эрхлэлт нэмэгдэх, улсын эдийн засагт эргэж орох үр өгөөж нь хэд дахин илүү байх болно.
– Эцэст нь хэлэхэд, танай холбоо хөрөнгийн зах зээлийг ирээдүйд ямар байр сууринд хүргэнэ гэж харж байна вэ?
Хөрөнгийн зах зээл нь санхүүгийн системийн хоёр дахь тулгуур багана байх ёстой. Өнөөдрийн байдлаар банк давамгайлж байгаа боловч олон тулгуурт, эрсдэл даах чадвар бүхий санхүүгийн системийг бүрдүүлэхийн тулд үнэт цаасны зах зээлийн оролцоо, нөлөө, бодлогын дэмжлэгийг эрс нэмэгдүүлэх цаг нь болсон гэж бид үзэж байна.
Ярилцсанд баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!