Өнгөрсөн долоо хоногт Токиогийн дагуул хот Киёосегийн цагдаагийн газар номын санд хэтэрхий ойрхон газарт оффистой байсан шалтгаанаар Сүмиёоши якүза бүлгийн дөрвөн гишүүнийг баривчилсан тухай Японы хэвлэлүүд мэдээлжээ.
Тэдний ажлын байр хотын нэг номын сангаас 90 метрийн зайд байсан нь хуульд заасан 200 метрийн хязгаарлалтын хүрээн дотор байгаа тул ийм арга хэмжээ авсан юм байна.
Дэлхийн бусад улс орнуудын гэмт хэргийн бүлэглэлүүдээс ялгаатай нь Японд якүза нар өөрийн оффистой, албан ёсны бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг.
Одоогоор тус улсад 25 якүза бүлэглэл албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг ажээ.
Гэхдээ Японы эрх баригчид 1991 онд батлагдсан “Ботайхо” гэгддэг хуулиар якүза бүлгүүдийн үйл ажиллагааг нэлээд хязгаарлах болсон юм.
Тухайлбал энэ хуулиар бүлгийн толгойлогч нар доод гишүүдийнхээ үйлдсэн гэмт хэргийн төлөө хариуцлага хүлээдэг болжээ.
Японы засгийн газар 2011 онд зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тогтоол гаргасны дараа якүза нарын нөхцөл байдал улам хүндэрсэн байна.
Тухайлбал бизнесийн байгууллагуудыг якүза бүлгийн гишүүдэд үйлчилгээ үзүүлэхийг хориглосноор гар утас худалдаж авах, эзэмших, банкны данс нээлгэх, оффисын байр түрээслэх хүртэл боломжгүй болжээ.
Энэ бүхний улмаас сүүлийн жилүүдэд тэдний хүч чадал нэлээд буурч, гишүүдийн тоо нь түүхэн доод хэмжээндээ хүрч буурсан юм.
Тухайлбал 2024 онд бүртгэлтэй якүза нарын нийт тоо 18,800 хүрсэн нь түүхэндээ анх удаа 20,000 хүрэхгүй тоотой болж буурсан үзүүлэлт юм байна.
Эх сурвалж: Japan Today
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
|