Алдарт сагсан бөмбөгчин Майкл Жорданы 1992-1993 оны улиралд өмсөж байсан "Чикаго Буллз" багийн өмсгөлийг дуудлага худалдаагаар худалдана авагчийн урамшууллыг оруулаад $2.6 саяар зарагджээ.
"Sports Illustrated" сэтгүүлийн 1993 оны аравдугаар сарын 18-нд гаргасан дугаарын нүүр хуудсыг "чимсэн" уг өмсгөл фото зурагт шинжилгээ хийдэг "MeiGray" болон "Sports Investors Authentication"-ий баталснаар "Буллз" багийн эхний гурав дараалан аваргалсан аль ч улирлынхтай таардаг цор ганц хувилбар аж.
Хэдийгээр улирлын бүх тоглолтынхтой таардаггүй ч 1992 оны арваннэгдүгээр сарын 6-наас 1993 оны гуравдугаар сарын 24-ныг хүртэлх айлын талбайд тоглохдоо (нийт 32) ашигласан байх магадлалтай гэж үздэг байна.
Дээрх хугацаанд өмсгөл болон богино өмдийг 11 тоглолтод оролцохдоо ашигласныг нь баталсан бол зөвхөн богино өмд нь зургаан тоглолтынхтой таарч байсныг нь мэргэжилтнүүд баталжээ.
1992-1993 он бол Майкл Жордан болон "Буллз" багийн түүхэнд тодоор үлдсэн улирал. Жордан дундаж оноо авалтаар долоон улирал дараалан тэргүүлснээр алдарт Уилт Чемберлэний дээд амжилтыг давтсан юм. Харин баг нь анхны "three-peat" буюу гурав дараалан түрүүлж байв.
Шигшээ цувралын зургаан тоглолтод Майкл 41 оноо дундажласан амжилтаар рекорд тогтоосон билээ.
Түүний өмсгөл дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн өндөр үнэ $10 сая. Тодруулбал 1998 оны шигшээ цувралд өмссөн "Last Dance" тодотголтой өмсгөл 2022 оны есдүгээр сарын дуудлага худалдаагаар ийм үнэ хүрч, рекорд тогтоож байв.
Эх сурвалж: ESPN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|