Дайн эхэлсэн цагаас хойших хамгийн том нисгэгчгүй онгоцны халдлагаа Оросын тал Ням гарагт явуулсныг Украины зэвсэгт хүчин мэдээлжээ.
Гурван жил гаруйн дараа талууд Баасан гарагт Истанбул хотод уулзсаны дараа, АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нар утсаар ярихаас нэг өдрийн өмнө уг халдлагыг явуулсан байна.
Орон нутгийн цагаар өглөөний 8:00 цагийн үед Оросын талаас нийт 273 ширхэг дроноор нийслэл Киев орчмыг оролцуулаад Украины хэд хэдэн бүс нутагт довтолжээ.
Тэдгээрийн 88-ыг устгаж, 128-ыг “хор хөнөөл учруулахааргүй болгосон” гэж Украины тал мэдээлсэн байна.
Халдлагын улмаас Киев мужийн Обухов дүүрэгт нэг хүн амиа алдаж, гурван хүн шархадсаны нэг нь дөрвөн настай хүүхэд байсныг Украины албаныхан мэдээлжээ.
Энэ оны хоёрдугаар сарын 23-нд буюу дайн эхэлсний гурван жилийн ой дээр Оросын тал 267 нисгэгчгүй онгоцоор Украины нутагт халдсан нь өмнөх хамгийн том ийм ажиллагаанд тооцогдож байсан юм.
Оросын батлан хамгаалах яам бас Ням гарагийн шөнө болон өглөө Украины 25 нисгэгчгүй онгоцыг устгаснаа мэдээлжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй дайн зогсоох асуудлыг утсаар хэлэлцэх гэж байгаа.
Германы канцлер Фридрих Мерц энэ ярианаас өмнө Их Британи, Франц, Польшийн удирдагчдын хамт Трамптай видео уулзалт зохион байгуулахаар болсноо өчигдөр зарласан байна.
Дээрх дөрвөн улсын удирдагчид тавдугаар сарын 10-ны Бямба гарагт Киев хотод айлчилж байсан юм.
Энэ үеэр тэд урьдчилсан болзолгүйгээр 30 хоногийн хугацаанд гал зогсоохыг Оросын талд уриалж, хүлээж авахгүй бол нэмэлт хориг арга хэмжээ авахаа анхааруулж байв.
Гэвч Москва үүнд тодорхой хариу өгөөгүй байна. Харин Украины тагнуулын алба ойрын нэг хоногийн дотор Орос улс айлган сүрдүүлэх зорилгоор тив алгасагч баллистик пуужинг харваж магадгүй байгааг Ням гарагт мэдээлсэн юм.
Ням гарагийн дроны халдлагыг Оросын тал дайныг зогсоох хүсэл сонирхолгүй байгаагийн илрэл гэж үзэж байгаагаа Украины эрх баригчид мэдэгджээ.
“Оросын хувьд Баасан гарагийн Истанбулд болсон яриа хэлэлцээ зүгээр л дүр эсгэсэн үйлдэл байжээ. Путин дайныг хүсэж байна” гэж Украины ерөнхийлөгчийн туслах Андрей Ермак хэлсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч Трамп мөн 30 хоногийн хугацаатай гал зогсоох санаачилга гаргаж байв.
Украины тал үүнийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн бол Оросын тал Өрнөдөөс Украинд үзүүлдэг зэр зэвсгийн тусламжийг зогсоосон тохиолдолд хүлээж авах болзол тулгаад байна.
Путин бас аливаа яриа хэлэлцээнд дайн дэгдэх болсон учир шалтгааныг шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа.
Тухайлбал Украиныг төвийг сахисан улс болгох, цэргийн хүчийг нь сулруулах, НАТО-д элсэхийг хориглох гэх мэт нөхцөлүүдийг тулгаж байна.
Харин Киевийн эрх баригчид үүнийг нь бууж өгсөнтэй адил гэж үздэг.
Орос улс одоо Украины газар нутгийн 20 орчим хувийг, бас 2014 онд хүчээр өөртөө нэгтгэсэн Крымийн хойгийг хянаж байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
98 СЭТГЭГДЭЛТЭЙ
|