Сэлбэ голын үерийн оргил урсцыг хуримтлуулах усан сан барих ажил удахгүй эхлэх аж.
Энэ тухай Геодези, усны барилга байгууламжийн газраас "Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 13, 14-р хорооны нутаг дэвсгэр, Сэлбэ голын үерийн оргил урсцыг хуримтлуулах 1.3 сая метр куб эзлэхүүн бүхий усан сан барихаар төлөвлөгдсөн. Тус ажлын хүрээнд трасст өртөж буй нэгж талбарыг тодорхойлж, барилга угсралтыг эхлүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна" гэв.
Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд борооны болон хөрсний ус зайлуулах 8,000 гаруй шүүрт худаг байдаг бөгөөд эвдэрч гэмтсэн худгуудыг засварлаж байгааг мэдээллээ.
Өнгөрсөн онд хотын дарга Х.Нямбаатар "Бараг хоёр сая орчим хүн амтай болсон Улаанбаатар хотод голуудын усыг тохируулдаг гадаргын усан сангийн нэг ч тохируулга байхгүй. Сэлбэ голын хэдэн хаалтууд л байгаа.
Гадаргын усан санг ашиглах замаар Туул, Сэлбэ голын усыг тохируулдаг тохируулга бүхий таван усан сан байгуулах ТЭЗҮ 1987 онд боловсруулагдсан юм билээ. Энэ дагуу Туул голыг Тэрэлжээс нааш таван газарт боож, голын ус тохируулж, улмаар тохируулсан усан сангаас Улаанбаатар хотын ундны усны хэрэгцээг хангах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийхээр төлөвлөж байгаа.
Голын мөс цохиж, зөөдөг, шороо овоолж далангаа хамгаалдаг нөхцөл байдалтайгаар энэ хот цаашид явахгүй. Усны эрин ирж байгаа цаг үед сан байгуулж ус хуримтлуулж авдаг инженерийн ажлуудыг хийхээр төлөвлөсөн" хэмээн мэдээлж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
|