Өнгөрсөн долоо хоногт дэлхийн технологийн дөрвөн аварга компани энэ оны нэгдүгээр улирлын санхүүгийн үр дүнгээ хөрөнгө оруулагчдад тайлагнасан юм.
Тэдний тайланд AI (artificial intelligence- хиймэл оюун) хэмээх үг нийтдээ 168 удаа дурдагдсан нь энэ технологийн эрэлт хэрэгцээ ямар түвшинд байгааг харуулсан хэрэг болжээ.
Meta, Alphabet, Microsoft, Amazon компаниуд бүгд хиймэл оюуны технологийг бүтээгдэхүүн үйлчилгээндээ хэрхэн нэвтрүүлэх, хөгжүүлэх, өсөлтийн боломжийг нь хэрхэн ашиглах талаар ярьцгаасан байна.
Тэдгээрээс Google-ийн толгой компани Alphabet уг нэр томьёог 64 удаа ашиглаж бусдыгаа тэргүүлжээ.
Microsoft 50 удаа, Meta компани 47 удаа дурдсан бол Amazon компани хамгийн цөөн буюу долоон удаа дурдсан байна.
Microsoft компанийн хувьд сүүлийн үед дуулиан дэгдээгээд буй ChatGPT системийг хөгжүүлэгч OpenAI компанид $10 тэрбумын хөрөнгө оруулаад байгаа.
Тус компани онлайн хайлтын системийн өрсөлдөөнд хиймэл оюуны технологиор давуу тал олж авахыг хичээж байна.
Үүний хариуд сүүлийн 30 орчим жил энэ зах зээлд ноёлж буй Alphabet компани ChatGPT системтэй ижил төстэй Bard системийг сүүлд танилцуулсан юм.
Фэйсбүүкийг эзэмшигч Meta компани улирлын тайландаа AI хэмээх үгийг 47 удаа дурдсаны 27 нь тус компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Марк Закербэргийн амнаас гарчээ.
Meta компанийн сүүлийн жилүүдэд судалгаа туршилтад зарцуулсан хөрөнгийн ихэнх хэсэг хиймэл оюуны технологид чиглэж байсан бөгөөд өрсөлдөөн ширүүссэнтэй холбоотой хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн нэмэх талаар тэр ярьсан юм.
Amazon компанийн гүйцэтгэх захирал Энди Жэсси хиймэл оюунд суурилсан хэлний загварыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулахаар төлөвлөснөө мэдээлжээ.
“Өнөөдөр энэ чиглэлд хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулахад бэлэн байгаа цөөн тооны компани бий. Тэдгээрийн нэг нь Амазон байх болно” гэж тэр хэлсэн юм.
Эх сурвалж: Tech Insider