Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Ганбаатар: Япон руу сурч, ажиллахаар сонирхож буй хүмүүс тус улсын талаар бодит мэдээлэлтэй болж байж шийдвэрээ гаргах хэрэгтэй

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 3 сарын 29
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Японд суралцах болон ажиллах талаар үнэн, зөв бодит мэдээлэл хүргэх зорилготой "Жапан рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн ирэх сарын 21, 22-ны өдөр зохиогдохоор болжээ.

Монголын Япон хэлний сургалтын байгууллагуудын холбооны дэд тэргүүн Л.Ганбаатар “Япон руу сурч, ажиллахаар явж буй болон сонирхож байгаа хүмүүсийн тоо их байна. Гэвч эдгээр хүмүүс тухайн улсын талаар үнэн зөв мэдээлэл олж авах тал дээр дутагдалтай байна.

Мэдээлэл дутмаг явсны улмаас японд очсон хойноо “хэцүү байна, цалин бага байна” гэх мэт олон асуудал үүсдэг.

Тиймээс явахаасаа өмнө олон талын мэдээлэл дээр харилцан судалгаа хийж, бодит мэдээлэл, тоо баримттай болж байж шийдвэрээ гаргах хэрэгтэй байна.

Илгээгч байгууллагуудын ихэнх нь зөвхөн японд авах цалингийн дүнг танилцуулдаг. 150,000 иений цалин авна гээд тайлбарлахаар монголд авч байгаа цалинтайгаа харьцуулахад их мөнгөн дүн болдог. Гэтэл японд очоод амьдрах зардал багаар бодоход 80,000 иен. Үлдсэн мөнгө нь амьдралынх нь бусад зардалд хүрэлцэхгүй байх эрсдэлтэй.

Тиймээс энэ талын мэдээллийг илгээгч байгууллагууд маш бодитойгоор хүргэх хэрэгтэй байна.

Түүнчлэн Япон улс руу явахаар сонирхож буй хүмүүс тус улсын хэл болон ёс заншлынх нь талаар сайн сурч, судлах хэрэгтэй байна. Дан ганц мөнгөн дүн дээр анхаарч явбал тэнд очоод бодит байдал дээр олон асуудал үүснэ гэдгийг анхаарах хэрэгтэй” гэсэн юм.

“Жапан рюүкэн” мэдээллийн үзэсгэлэнг Монголын япон хэлний сургалтын байгууллагуудын холбооноос иргэдэд үнэн зөв, бодит мэдээллийг өгч тэдэнд зөв гаргалгаа гаргахад нь туслах зорилготойгоор жилдээ хоёр удаа зохион байгуулдаг байна.

Энэ удаагийн үзэсгэлэн Blue Mon center-н нэг давхарт болох ба энэ үеэр Япон, Монгол нийлсэн 12 байгууллага оролцож японд сурч, ажиллах талаар цуврал ярианууд хийнэ. 

Мөн тус байгууллагаас япон хэл сурч байгаа 12-р ангийн хүүхдүүдийн дунд 30 сая төгрөгийн сургалтын төлбөрийн шагналын сантай уран илтгэлийн тэмцээн зохион байгуулахаар болжээ. 

Тэмцээн нь хоёр үе шаттайгаар зохиогдох бөгөөд эхний шат нь зохион бичлэгээр, хоёр дахь шат нь уран илтгэлийн тэмцээнээр явагдах аж. 

Тэмцээнд шалгарсан эхний гурван байр нь Япон Цүкүбагийн олон улсын хэлний хүрээлэнд бүрэн тэтгэлэгтэйгээр болон хөнгөлттэй суралцах эрхийн бичгээр шагнагдах юм байна.