Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Зоригоо: Б.Жаргалсайхан Хөгжлийн Банкнаас биш Голомт банкнаас зээл авсан

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний мэдээллийн төвд Хөгжлийн Банкны сонсголтой холбогдуулан Бүгд найрамдах намаас өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 

"Бүгд Найрамдах Нам"-ын дарга Б.Жаргалсайханыг Хөгжлийн Банкны сонсголын үеэр гүтгэсэн хэмээн тус намын удирдах зөвлөлөөс мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Зоригоо танилцуулав. 

Тэрбээр "УИХ-аас байгуулагдсан Хөгжлийн Банкны гурав дахь шатны сонсгол өнгөрсөн Баасан гаригт өндөрлөсөн. Сонсголыг улс төр, бизнесийн нөлөөнөөс хараат бус явуулахыг хичээн ажиллалаа хэмээн Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр мэдэгджээ.

Гэвч Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нотлох баримтыг шинжлэн сонсох гурав дахь сонсголын үеэр "Бүгд Найрамдах Нам"-ын дарга Б.Жаргалсайханыг ард түмний мөнгийг хулгайлсан хулгайч, Хөгжлийн Банкнаас хүүгүй зээл авсан, сүүлийн есөн жил нэг ч төгрөг төлөөгүй, нэр нүүр, намтар алга хэмээн ор үндэсгүй илт гутаан доромжилсон нь Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтууд, гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх тогтооно гэсэн үндсэн зарчмуудыг уландаа гишгэсэн үйлдэл боллоо. 

Хянан шалгах түр хорооны гишүүд бодит үнэнийг олон нийтэд ил болгон хэмээн хүлээлттэй байсан боловч зарим гишүүд гэрчийн үгийг сонсож чадахгүй, эрх тэгш, ажил хэрэгч хэлэлцэж мэдэхгүй, тэвчээргүй, судлаагүй, хэт субъектив, туйлын бүдүүлгээр батлагдаж нотлогдоогүй мэдээлэл тарааж нийгмийг талцуулж байгаад харамсаж байна. 

Нээлттэй сонсгол төсвийг мөшгөх үнэнийг тодруулах үр дүн чухал болохоос Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар гишүүдийг гоё харагдуулах, оноо нэмэх ажил биш. Иймээс тус гишүүдийг худал мэдээлэл тараасандаа уучлалт гуйхыг шаардаж байна. 

УИХ-ын ээлжит сонгууль ойртож байгаа энэ цаг үед нэр бүхий улс төрчдийг харлуулах замаар сөрөг хүчний намуудын нэр хүндийг унагах, сонгогчдод нөлөөлөх гэсэн увайгүй үйлдлээ зогсоохыг нэр бүхий гишүүд болон МАН-аас шаардаж байна. 

Тухайн өдөр Голомт банкны мэргэжилтэн "Буян" ХХК Хөгжлийн Банкнаас зээл аваагүй, зөвхөн Голомт банкнаас найман хувийн хөнгөлөлттэй зээл авсан. Зээлийн төлбөрийг барагдуулах талаар банк болон ААН тодорхой шийдэлд хүрчихсэн шийдвэрлэж байгаа хэмээн хэлсэн. 

Хөгжлийн Банканд ямар нэгэн асуудал байхгүй гэдгийг нотолсон байхад хулгайч хэмээн дуудсан. Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан Хөгжлийн Банкнаас зээл аваагүй. Голомт банкнаас зээл авсан. Хувийн компани хувийн банкнаас барьцаа хөрөнгөө тавиад хүүтэй зээл авсан. Энэ бол Монгол Улсын бүх хуульд зөвшөөрөгдсөн зарчим юм. Эдийн засаг ингэж л явдаг" хэмээн ярилаа.