Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Амарбаясгалан: 76 гишүүний жилийн зардал ₮10 тэрбум. 152 болговол ₮20 тэрбумд багтана

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Парламентын тогтолцоог бэхжүүлэхийн тулд Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүний тоог нэмэгдүүлэх шаардлагатай талаар сүүлийн үед их ярих болсон. 

Ялангуяа 152 болгох хувилбарыг онцолж буй. Ингэх үндэслэлийг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалангаас өнөөдөр сэтгүүлчид тодруулсан юм. 

Тэрбээр "Манайхтай ижил төстэй, хүн ам цөөтэй пост-коммунист орнуудын судалгааг авч үзсэн. Тэдгээр улсад нэг гишүүн хэдэн сонгогчийг төлөөлөх чадамжтай вэ гэдэг дүгнэлт бий. Тодруулбал, парламентын нэг гишүүн нийт сонгогчийн нэг хувийг төлөөлж чадсанаараа тойрогтоо эзэн болж, ард иргэдтэйгээ уялдаа холбоотой ажиллаж чаддаг. 

Харин Монгол Улсын тухайд, парламентын нэг гишүүн 1.3-1.4 хувийг төлөөлж байгаа. Ачаалал хэтийдсэн байна гэдэг нь нэг дэх үзүүлэлт. 

Хоёр дахь нь, 1992 онд парламентын гишүүний тоог тогтооход олон янзын санал, олон ургалч үзэл өрнөж байсан. Эцсийн дүндээ куб язгуурын аргаар тогтож, тооцооллоо хийсэн байдаг.

Хүн ам цөөтэй, парламентын тогтолцоотой улсад куб язгуурын аргаар гишүүдийнхээ тоог тогтоодог нь нийтлэг үзэгдэл.

Тэгвэл өнөөдөр манай улс 3.4 сая хүн амтай болсон. Ирээдүйн 30 жилийн хүн амын өсөлтөөр таван сая болох статистик үзүүлэлттэй явж байгаа тохиолдолд өнөөдрөө бодох биш, өнөөдрөөс эхлээд шинэ 30 жилд хэрхэн хөгжилтэй улс орон болгох вэ гэдэг бодлого тооцоолол дээрээс дээрх тоо гарч байгаа" гэв.

Харин гишүүний тоог нэмснээр гарах зардлын талаар тэрбээр "76 гишүүний жилийн зардал нь 10 тэрбум төгрөгт багтдаг. Үүнийг 152 болговол зардал нь 20 тэрбум төгрөгт багтах юм" гэв.