Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг АБГББХ дэмжив

Т.Саран, iKon.mn
2023 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
УИХ

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдах хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар хэлэлцэв.

Ерөнхийлөгчийн хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцууллаа.

УИХ 2023 оны нэгдүгээр сарын 20-нд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг эцэслэн баталсан. Улмаар Ерөнхийлөгч 2023 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч танилцжээ.

Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн дээрх хуулиудад бүхэлд нь хориг тавьсан байна. Улсын Их Хурал уг хуулийн төслийг хоёр өдөрт хэлэлцэн, эцэслэн баталсан, төслүүдийг боловсруулах, хэлэлцэн батлах үйл явцад иргэн, олон нийтийн оролцоог хангаагүй, нэр бүхий хуулиудын дагаж мөрдөх хугацаа нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсгүүдийг зөрчиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг хязгаарласан хэмээн танилцуулгадаа дурдсан.

Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.