Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд ногоон байгууламжийн чиглэлээр хийх ажлуудаа аж ахуйн нэгжүүдэд танилцуулах уулзалт өнөөдөр боллоо.
Тодруулбал тус уулзалтаар цэцэг, ургамлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй хотын тохижилт, цэцэгжүүлэлтийн албаны хүмүүс уулзаж нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулах ажилд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж бүр нээлттэй тендер сонгон шалгаруулалтад оролцох боломжтойг онцолсон юм.
2023 онд ногоон байгууламж, цэцэрлэгжилтийн талаар нийслэлийн зүгээс хийх ажлууд:
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан “Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх ажлын хүрээнд цэцэг болон гоёл чимэглэлийн моднуудыг нэмэгдүүлэх ажил дээр анхааран ажиллаж байна.
Улаанбаатар хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, иргэдийг амгалан тайван орчинд амьдруулахад чиглэж 550,000 орчим голцуу гоёл чимэглэлийн олон наст буюу 2-3 жил ургадаг ургамлуудыг тарихаар төлөвлөж байна. Өмнөх жилүүдэд 180,000-200,000 орчим цэцэг таригдаж байсан. Энэ жилийн хувьд иргэн, хувийн хэвшлийн байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийслэлтэйгээ хамтран ажиллаж хотын өнгө зүсийг сайжруулах ажилд оролцож байна.
Одоогоор мод үржүүлэг, ургамлын чиглэлийн 15 аж ахуйн нэгж хамтран ажиллаж байна. Эдгээр аж ахуйн нэгжээс нөөц боломжоороо 168,000 орчим цэцэг тарина. Мөн хувийн хэвшлийн байгууллага буюу CU, GS 25 гэх мэт томоохон сүлжээ дэлгүүрүүд өөрсдийн 300-400 орчим салбарынхаа үүдэнд цэцэг тарина. Энэ жилийн хувьд Зүүн Азийн залуучуудын наадам Улаанбаатар хотод зохиогдохоор болсноороо онцлогтой жил болж байна” гэлээ.
Нийтдээ долоон байршил дээр том, жижиг нийлсэн 16 ногоон байгууламжийг байгуулах бөгөөд иргэдэд цэцгийн ач холбогдлыг сурталчлах зорилготой цэцэгт гудамж байгуулах, 3D ногоон байгууламж буюу дүрс үүсгэсэн хэлбэртэй цэцгийн мандлыг 10 гаруй байршил дээр байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөжээ.
Түүнчлэн гаднын жишгээр өөрсдөдөө байгаа нөөц боломж, зай талбайг ашиглаж ногоон байгууламж байгуулж болно. Энэ чиглэлд цэцэг, ургамал тарьдаг аж ахуйн нэгжүүдээс шинэ санал санаачилга ирүүлэхийг албаныхан хүссэн юм.
Цаашлаад гэр хороололд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар туршилтаар 7-8 хороон дээр ажиллаж байгаа аж. Мөн айлуудыг хашаандаа мод тарих ажлыг урамшууллын системтэйгээр явуулахаар журам боловсруулж байгаа юм байна.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Баянзүрх хайрхныг түшиглэсэн үе үеийн ерөнхийлөгч нарын нэрэмжит “Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн”-г бий болгохоор болсон тухай яригдаж байсан. Энэ ажлын хүрээнд Баянзүрх хайрхныг нөхөн сэргээж, мод үржүүлж эхлүүлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!