“Түмэн эх” чуулгын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Цэндийн Үенчид Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Ардын жүжигчин цол хүртээв.
Тэрбээр Булган аймгийн Хөгжимт дуу бүжгийн театрын гоцлол дуучин, бүжигчнээр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, уламжлалт өв соёлоо хөгжүүлэх үйлсэд 50 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа "Түмэн эх" чуулгад гоцлол дуучнаар тасралтгүй 30 гаруй жил ажилласан байна.
Мөн ардын дуу дуулах, ардын урлагийг судлах, түгээн дэлгэрүүлж нийтийн хүртээл болгох, ардын дууны урын санг баяжуулахад авьяас чадвараа зориулж, үндэсний соёл урлагаа Франц, Герман, Бельги, Нидерланд, Швейцар, Испани, Их Британи, ОХУ, БНХАУ, Япон зэрэг дэлхийн олон орны тайзан дээр тоглон сурталчилсан билээ.
Түүнчлэн ардын дууны судалгааны чухал эх хэрэглэгдэхүүн болсон “Зуун лангийн жороо луус” ардын дууны цоморлогийг гаргаж, “Хойд эх”, “Их хааны удам”, “Сийлэн бөөр” зэрэг түүхэн уран сайхны кинонуудад гол болон туслах дүрийг чадварлаг бүтээсэн хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
|