Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлант: "Үндэсний давхар даатгал" ХК даатгалын салбарын цаашдын хөгжилд хамтран ажиллана

ikon.mn
2023 оны 2 сарын 13
Сурталчилгаа
зураг
 

Батмөнхийн Жавхлант, Үндэсний давхар даатгал компанийн гүйцэтгэх захирал. 

- Засгийн газрын 2018 оны тогтоолоор “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийг “Үндэсний давхар даатгал” ХК болгон өргөжүүлсэн. Тухайн үеийн санхүүгийн болон даатгалын салбарт ямар хэрэгцээ шаардлага байсан учраас энэ шийдвэр гарсан бэ гэдгээс хоёулаа яриагаа эхэлье.

“Үндэсний давхар даатгал” ХК болон үндэсний давхар даатгалын тогтолцооны талаар ярихын тулд 2018 оноос биш 2012 оноос эхлэн ярих ёстой. Төрөөс даатгалын салбарт дунд болон урт хугацаанд баримтлах бодлогын баримт бичгүүдэд үндэсний давхар даатгалын тогтолцоог бий болгоно гэж 2012 оноос эхлэн анхлан тусгаж эхэлсэн байдаг. Ингээд “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийг 2014 онд Малын индексжүүлсэн даатгалын хуулийн дагуу үүсгэн байгуулсан. Малын индексжүүлсэн даатгалын төслийг Дэлхийн банк 2006 оноос эхлэн Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн нь “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн суурь болсон.

Үндэсний давхар даатгалын тогтолцоог хөгжүүлэх шаардлага нь төр хувийн хэвшил хоёрын хамтын ажиллагааг хангах байсан. Мал аж ахуйн салбар бол Монгол Улсын эдийн засаг төдийгүй нийгмийн амьдралд чухал ач холбогдолтой салбар. Гэвч манай нүүдлийн мал аж ахуй уур амьсгалын өөрчлөлт, ган зуд зэрэг цаг уурын гамшигт өртөмхий учраас хувийн хэвшлийн компаниуд энэ салбарын эрсдэлийг уламжлалт аргаар даатгах сонирхол багатай байсан. Нөгөө талаараа төр дангаараа малчдын эрсдэлийг даатгаад явах нь эдийн засгийн хувьд өндөр зардалтай. Эндээс төрийн өмчит давхар даатгалын компани ба хувийн хэвшлийн даатгалын компаниудын хамтын ажиллагааг бий болгож, үндэсний давхар даатгалын тогтолцоо үүсэх шаардлага бүрдсэн гэж хэлж болно.

Хөдөө аж ахуйн давхар даатгалын компанийн дараагийн нэг зорилго нь гадаад улс руу гарч буй давхар даатгалын мөнгөн урсгалыг бууруулах байсан. Ингээд 2018 онд Засгийн газрын 303 дугаар тогтоол гарч уг компанийг Үндэсний давхар даатгалын компани болгон үйл ажиллагааг өргөтгөсөн. Даатгалын компаниуд томоохон эрсдэлээ гадаадын давхар даатгалын компанид даатгуулж, эрсдэлээ тараан байршуулдаг. 2022 оны хувьд гэхэд дотоодын даатгалын компаниуд давхар даатгалын үйлчилгээнд нийт 84 тэрбум төгрөгийн хураамж төлсөн байдаг. Одоогоор үүний 4 тэрбум төгрөгийн хураамжийг Үндэсний давхар даатгал компани дотооддоо авч үлдсэн.

- Тэгвэл дотоодод авч үлдэж буй энэ мөнгөн дүнг өсгөх боломж бий юу?

Даатгал бол эрсдэлийг тараан байршуулах үйл ажиллагаа. Ийм учраас давхар даатгалын хэрэгцээ шаардлага үүсдэг. Дотоодын даатгагч нарын бүх эрсдэлийг “Үндэсний давхар даатгал” ХК дангаараа давхар даатгах нь үйл ажиллаагаа талаасаа ч буруу, нөгөө талдаа санхүүгийн хувьд ч боломжгүй. Одоогоор бол нийт давхар даатгалын 5 хүрэхгүй хувь нь Үндэсний давхар даатгал ХК-д даатгагдаж байна. Харин энэ хувь хэмжээг тодорхой түвшин хүртэл өсгөх боломж бий.

Одоогоор боловсруулагдаж буй Даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дотоодын давхар даатгагчаар даатгуулах доод босгыг тогтоож өгөх зохицуулалтыг тусгаад байгаа. 10% байх уу, 20% байх уу гэдэг нь хуулийн төсөл батлагдах үед тодорхой болно.

- Санхүүгийн бололцоо талаасаа Үндэсний давхар даатгал компани нийт дотоодын даатгалын хэдэн хувийг давхар даатгах боломжтой вэ? 

Бидний тооцоолж үзсэнээр 10%-25% даатгах боломжтой. Энэ нь нийт 10-20 орчим тэрбум төгрөгийн даатгалын хураамж дотооддоо үлдэнэ гэсэн үг.

- Энэ зохицуулалт дотоодын даатгагч нарт ямар нөлөө үзүүлэх бол?

Мэдээж хэрэг эерэг нөлөө үзүүлнэ. Гадаадын давхар даатгалын компаниас үйлчилгээ авах тохиолдолд дотоодын даатгагч нар ханшийн зөрүүгийн эрсдэл хүлээдэг. Ихэнх томоохон даатгалууд жилийн эхэнд хийгддэг. Гэтэл өнгөрсөн жилийн эхэнд ам.долларын ханш ямар байлаа, жилийн эцэст яаж өссөн билээ. Харин Үндэсний давхар даатгал ХК төгрөгөөр үнэ санал болгоно.

зураг
 

ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГААР 10-20 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ДАВХАР ДААТГАЛЫН ХУРААМЖИЙГ ДОТООДДОО АВЧ ҮЛДЭХ БОЛОМЖТОЙ БОЛНО

- Үндэсний давхар даатгал ХК болон үйл ажиллагаагаа өргөжүүлснээс хойш танай компанийн хувьд онцлох амжилтууд юу байв?

Үйл ажиллагааны талаасаа гэвэл Монгол Улсад үндэсний давхар даатгалын тогтолцоог бодитой бий болгож чадсан. Дотоодын даатгалын компаниуд нийлээд томоохон эрсдэлийг даатгаж болдгийг малын индексжүүлсэн даатгал, улаан буудайн индексжүүлсэн даатгал зэрэг өмнө байсан болоод шинэ бүтээгдэхүүнүүдээр харуулж байна. Хөрөнгийн, хариуцлагын, барилга угсралт, ачаа тээврийн даатгал зэрэг энгийн даатгалын бүтээгдэхүүнүүдийн хувьд өмнө нь дотоодын даатгалын компаниудад давхар даатгуулах эрэлт өндөр байсан ч энэ эрэлтийг дотоодод хангах боломжгүй, гадаадын компаниудаас өндөр үнэтэй бүтээгдэхүүн худалдан авах шаардлагатай байсан бол Үндэсний давхар даатгал ХК энэ орон зайг нөхөн ажиллаж байна.

Нөгөө талаараа олон улсын нөхцөл төвөгтэй болсон нь давхар даатгалын олон улсын, тэр дундаа төв ази, зүүн европын зах зээлд зарим хүндрэлүүдийг үүсгэсэн. Жишээ нь, өмнө нь ОХУ-ын давхар даатгагч нартай багагүй хэмжээний давхар даатгалын гэрээ хийгддэг байсан бол дайны нөхцөл байдлаас үүдээд энэ нь боломжгүй болсон. Манай улсын хувьд энэ орон зайг “Үндэсний давхар даатгал” ХК нөхөж ажиллах боломжтой.

Санхүүгийн талаас нь харвал “Үндэсний давхар даатгал” ХК байгуулагдахдаа 28 тэрбум төгрөгийг төсвөөс авсан байдаг. Өнөөдөр тэгвэл “Үндэсний давхар даатгал” ХК 60 тэрбум төгрөгийн нийт хөрөнгөтэй болон өргөжиж, энэ хугацаанд нийт 25.3 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг тарааж, үүнээс 1.4 тэрбум төгрөгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт шилжүүлсэн. Үлдэх ногдол ашгаар дүрмийн сан болон алдагдлаас хамгаалах сангаа нэмэгдүүлж эрсдэл даах чадавхаа дээшлүүлж ирсэн байдаг. 2018 оноос хойш манай компани 3.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт татвар хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл үндсэн үйл ажиллагааны орлогоороо үндсэн хөрөнгөө 5 жилийн дотор 2 дахин өсгөж, ашгаасаа улсын төсөвт хуваарилдаг, томоохон татвар төлөгч байгууллага болжээ.

- Үндэсний давхар даатгал компанийн ирээдүйн алсын хараа юу вэ?

Давхар даатгал гэсэн мэргэжлийн үйл ажиллагаа нь төрийн тодорхой бодлогоор хэрэгжиж байж үр дүнд хүрдгээрээ ердийн даатгалын үйлчилгээнээс ялгаатай. Төрийн зүгээс үндэсний давхар даатгалын тогтолцоог бий болгох зорилтыг тавиад эхнээсээ хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх ажил хийгдээд явж байна. Даатгагчийн баталгаа гэсэн санхүүгийн зах зээлийн шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх эрх зүйн орчин бий болоод бэлтгэл ажил үндсэндээ хангагдаад  байна. Өмнө нь тендерийн баталгаа зөвхөн банкны баталгаа шаарддаг байсан бол одоо даатгалын компаниуд энэ төрлийн баталгааны үйлчилгээ санал болгох боломжтой болж байна.

Энэхүү баталгааны бүтээгдэхүүнийг Үндэсний давхар даатгал ХК давхар даатган ажиллана. Одоо боловсруулагдаж буй Даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үндэсний давхар даатгалын тогтолцоог бий болгох тодорхой зохицуулалтууд тусгагдаад байна. Мөн Сэндайн протоколын хүрээнд Монгол Улс гамшгийн эрсдэлийн даатгалын тогтолцоог бий болгоход хүчин чармайлт гарган ажиллана. Энэ хүрээнд гамшгийн эрсдэлийн даатгалын тухай хуулийн төсөл боловсруулагдаж байна. Энэ бүх даатгалын салбар дахь хууль эрхзүйн өөрчлөлтүүд нь “Үндэсний давхар даатгал” ХК-тай ямар нэг байдлаар харилцан хамааралтайгаар хэрэгжинэ.

Тэгэхээр ойрын ирээдүйд Монгол Улсын даатгалын салбарын ч манай компанийн ч үйл ажиллагаа эрчимтэй өргөжин тэлэх болов уу гэсэн хүлээлт салбарынхан дунд байна. Эцэст манай компанийн дунд хугацааны нэг амбиц бол цаашид бүс нутгийн хэмжээндээ давхар даатгалын гэрээнүүдэд хувь оролцох буюу даатгалын бүтээгдэхүүн экспортлох явдал юм.  

зураг
 

ҮНДЭСНИЙ ДАВХАР ДААТГАЛ КОМПАНИ 2018 ОНД БАЙГУУЛАГДСАНААС ХОЙШ ХӨРӨНГӨӨ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛСНЭЭС ГАДНА 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ТӨСӨВТ ХУВААРИЛСАН

- Манайх шиг жижиг зах зээл дээр ажилладаг компаниудын хувьд даатгалын бүтээгдэхүүн экспортлох бодит боломж үнэхээр бий юу?

Нэгдүгээрт Монгол Улс даатгалын бүтээгдэхүүн экспортолж байсан түүхтэй. Социализмын үед Монгол даатгал компани тухайн үеийн социалист улс орнуудын эрсдэлийг даатгаж байсан бөгөөд 2004 онд хувьчлагдах хүртлээ тодорхой улсуудад даатгалын үйлчилгээ экспортолсоор ирсэн. Нөгөө талдаа өмнө хэлсэнчлэн даатгал бол энгийнээр эрсдэлийг тараан байршуулах үйл ажиллагаа. Мэдээж хэрэг том улсын том компаниудад эрсдэлийн гол хэсгээ төвлөрүүлэх ч зарим хэсгийг өөр улс орны, өөр компанид даатгах явдал түгээмэл. Тэгэхээр бүс нутгийн хэмжээнд давхар даатгалын үйлчилгээ үзүүлэх нь холын мөрөөдөл биш.

- Баталгааны даатгалын үйлчилгээн дээр Үндэсний давхар даатгал компани ямар оролцоотой ажиллах вэ?

Баталгааны даатгалын сая батлагдсан журмаар тус үйлчилгээг үзүүлэх шаардлага хангасан даатгалын компаниуд дундын нэгдсэн санг хамтран байгуулна. Энэ санг Үндэсний давхар даатгал ХК давхар даатгаж байгаа юм. Ингэснээр даатгагчийн баталгаа нь давхар даатгагдаж, даатгалын компаниудын баталгааг гаргах хөрөнгийн хэмжээ нэмэгдэж байгаа.  

- Засгийн газраас зарласан олон нийтэд хувийг нь санал болгох төрийн өмчит компаниудын тоонд Үндэсний давхар даатгал компани багтсан. Та тэгвэл Засгийн Газрын энэ шийдвэрийг хэрхэн харж байна вэ? Энэхүү IPO даатгалын салбарт ямар нөлөө үзүүлэх бол?

Олон улсын туршлагыг харахад Үндэсний давхар даатгалын тогтолцоог бий болгох зорилгоор төр Үндэсний давхар даатгалын компанийг байгуулаад хөгжлийн зохих шатанд хүрсний дараа тодорхой хувийг нь олон нийтэд санал болгодог жишиг бий. Өнөөдрийн дэлхийн даатгалын салбарын томоохон тоглогчид болох БНСУ-ын Korean Re, БНХАУ-ын ChinaRe, Энэтхэгийн GIC, Бразилын Brazil Re, Вьетнамын Vinare зэрэг маш олон компаниуд ийм жишгээр хөгжсөн. Ингэж олон нийтэд санал болгосноор гадна дотны хөрөнгө оруулагчдыг татахаас гадна, дэлхийн шилдэг компаниудын технологи, ноу хауг оруулж ирдэг. Жишээ нь Вьетнамын Venare компанийн 15 хувийг дэлхийн даатгалын салбарын хамгийн том тоглогчдын нэг Swiss Re авчихсан, Вьетнамын даатгалын салбарт зааж сургаад явж байна.   

Засгийн Газар 2014 онд Хөдөө аж ахуйн давхар даатгал хаалттай хувьцаат компанийг байгуулахдаа л 10 жилийн дотор нээлттэй болгоно гэсэн чиглэлтэй байсан. Энэ нь ч Дэлхийн банк зэрэг донор байгууллагуудаас өгсөн зөвлөмжид туссан. Өнөөдөр тэгвэл миний өмнө дурдсанчлан энэ компани санхүүгийн тоон үзүүлэлт талаасаа ч, үйл ажиллагааны цар хүрээгээрээ ч олон нийтийн болоход бэлэн болжээ. Өөрөөр хэлбэл хөрөнгийн зах зээл дээр гаргаад тавихад хөрөнгө оруулагч сонирхох хэмжээний бүтээгдэхүүн болсон байна. Засгийн Газар ингэж ашигт ажиллагаа, үр өгөөж өндөртэй компаниудаасаа эхлэн олон нийтэд санал болгож байгааг би хувьдаа зөв жишиг гэж харж байгаа.  

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.