Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс агаарын бөмбөлгийг өөрийнх болохыг хүлээн зөвшөөрсний дараа АНУ айлчлалаа хойшлуулав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ирэх долоо хоногт Хятад улсад хийх байсан айлчлалаа хойшлуулж буйг өчигдөр зарлажээ.

Энэ нь Хятад улсын агаарын бөмбөлөг АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтэрсэн хэрэгтэй холбоотой шийдвэр юм байна.

Лхагва гарагт тагнуулын зориулалттай байж болзошгүй аварга том агаарын бөмбөлөг АНУ-ын Монтана мужийн тэнгэрт анх илэрч байжээ. Бөмбөлгийн шилжилт хөдөлгөөнийг тасралтгүй хянаж байгаагаа Пентагон мэдээлсэн юм.

Бөмбөлгийг Аляскын Алеутын арлууд, Канадаар дамжин Монтанад ирсэн гэж үзэж байгаа.

Пентагоны удирдлагууд шуурхай хуралдаад ард иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс одоохондоо бөмбөлгийг буудаж унагах шаардлагагүй гэж үзсэн байна. Бөмбөлөг хангалттай өндөрт нисэж байгаа тул зорчигч тээврийн нисэх онгоцнуудад аюул учруулахгүй гэж дүгнэжээ.

Харин Баасан гарагт Хятадын гадаад хэргийн яам уг бөмбөлгийг цаг уурын судалгааны зориулалттай техник, давагдашгүй хүчин зүйлийн улмаас буюу хүчтэй салхины улмаас жолоодлого нь алдагдаж, АНУ-ын нутаг дэвсгэрт санамсаргүй нэвтэрсэн гэж мэдэгдсэн юм.

“Давагдашгүй хүчин зүйлийн улмаас уг техник АНУ-ын агаарын орон зайд нэвтэрсэнд Хятадын тал харамсаж байна. Бид санамсаргүй үүссэн асуудлыг бүрэн шийдвэрлэхийн тулд АНУ-ын талтай үргэлжлүүлэн харилцах болно” гэж уг мэдэгдэлд өгүүлжээ.

Гэхдээ зарим судлаачид агаарын бөмбөлөг үнэхээр судалгааны зориулалттай техник байсан бол жолоодлого нь алдагдсаныг Хятадын тал урьдчилж АНУ-д мэдэгдэх ёстой байсан гэж үзэж байна.

Бүгд Найрамдах намын зарим улс төрчид бөмбөлгийг буудаж унагахыг Пентагонд уриалж, асуудалд хандаж буй Байдены засаг захиргааны арга барилыг шүүмжилжээ.

Тухайлбал Трампын засаг захиргааны үед АНУ-ыг НҮБ-д төлөөлж байсан, 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлалтай байгаа Ники Хэйли “Бөмбөлгийг буудаж унагаа. Блинкений айлчлалыг цуцал. Хятад улсад хариуцлага тооц. Бидний толгой дээгүүр алхах боломжийг Хятад улсад Байден олгож байна. Америкийг дахин хүчирхэгжүүлэх цаг иржээ” гэж твиттер хуудсандаа бичсэн байна.

Харин Хятадын гадаад хэргийн яамны мэдэгдэлд “Хятад бол олон улсын дүрэм журмыг үргэлж дагасаар ирсэн хариуцлагатай улс. Бид аль ч улсын газар нутаг, агаарын орон зайд халдах сонирхолгүй” гээд асуудлыг “тайван, болгоомжтой” шийдэхийг АНУ-ын талд уриалсан юм.

 

Эх сурвалж: Reuters