Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Дөлгөөн: Ярилцлагын эцсийн дүнг Баасан гарагт нэгтгэж өгснөөр "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ажлын байрны сонгон шалгаруулалт дуусна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2023 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн бүтцийг өөрчилж, шинэ ажлын байруудад сонгон шалгаруулалт зарлаад буй. Тэгвэл тус ажлын байрны сонгон шалгаруулалтын ярилцлагын үе шат үргэлжилж буй талаар албаныхан мэдээлэл өглөө.

“Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн "Өнөөдөр ярилцлагад нийт 78 хүн оролцохоос 74 нь орсон. Дөрвөн хүн ярилцлагын шатанд оролцоогүй. Эрэгтэй 49, эмэгтэй 29 хүн уг шатанд орсон байна. Яг одоо үдээс хойших ярилцлагын шат үргэлжилж байна. 

Ярилцлагад нийт 430 орчим хүн хамрагдах учраас анх гурван өдөр гэж тооцоолж байсан ч дөрвөн өдөр болсон. Тав дахь өдөр ярилцлагынхаа эцсийн дүнг нэгтгээд "Эрдэнэс Монгол" ХХК-д хүлээлгэж өгснөөр бидний сонгон шалгаруулалтын ажил дуусна.

Тус компанийн гүйцэтгэх захирал ахлах менежерийн түвшний ажлын байранд өрсөлдөж буй хүмүүстэй ярилцлага хийнэ. Өөрөөр тус компанийн зүгээс оролцоо байхгүй. Ярилцлагын шатнаас хамгийн өндөр оноо авсан гурван хүний нэрийг компанийн удирдлагад санал болгоно.

Ярилцлагын шатны оноог олон нийтэд ил болгохоор ажиллаж байна. Систем хөгжүүлэлтийн явцаас хамаарна. Дөрвөн өдрийн турш ярилцлагад оролцсон 430 орчим хүмүүс өөрсдийн болон бусдын оноог харахад нээлттэй" гэдгийг хэллээ. 

Харин Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа "Энэ удаагийн төрийн өмчит компанийн ажлын байрны сонгон шалгаруулалт нь олон талаараа онцлог. "Эрдэнэс Монгол" ХХК-ийн бүх ажлын байран дээр нээлттэй болон нөөцийн сонгон шалгаруулалт явуулж байна. 71 албан тушаалын нийт 88 ажлын байранд хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг явуулж байгаа юм.

Ярилцлагын шалгалтын агуулгыг их, дээд сургууль хүний нөөцийн мэргэшсэн компаниуд, хувийн хэвшлийн төлөөлөлтэй хамтран зохион байгуулж байна. Уг ярилцлагын шалгаруулалтыг МҮХАҮТ-аас удирдаж байгаа. Монголын томоохон ААН-ийн төлөөлөл ярилцлагад оролцож байна Тухайлбал, Мобиком, АПУ, Монос, Сүү зэрэг компанийн удирдах албан тушаалтнууд уг ярилцлагыг зохион байгуулж байгаа юм.

17 байгууллагын төлөөлөл сорилын болон ярилцлагын шатанд хөндлөнгийн хяналт тавьж байгаа" хэмээв.