Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Устөрөгчийн үйлдвэр ба дагалдах бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн төслийг Монгол Улс бүрэн дэмжинэ"

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Япон улсын Токио хотод Монгол-Японы Төр, хувийн хэвшлийн 10 дугаар зөвлөлдөх уулзалт өчигдөр боллоо. 

Үүнд Японы 150, Монголын 60 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцсон юм.

Уулзалтыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэв. Тэрбээр "Сүүлийн 30 жилийн хугацаанд нэг тэрбум гаруй ам.долларын шууд хөрөнгө оруулалтыг Япон улс Монголд хийжээ. 2021 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 500 орчим сая ам.доллароор хэмжигдэж байна.

Төрийн айлчлалын үеэр Япон улсын Ерөнхий сайдтай Фүмио Кишидатай уулзаж, албан ёсны хэлэлцээ хийн, ирэх 10 жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө тохиролцсоныг хэлэхэд таатай байна.

Монгол, Японы харилцаа хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээвэр, эрчим хүч, банк санхүү, аялал жуулчлал, мэдээллийн технологи гээд бүхий л салбарт хамтран хөгжүүлж байгаа бөгөөд харилцан ашигтай томоохон төсөл хөтөлбөрүүдийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх бүрэн боломж бий.

Тухайлбал, манай хоёр улс сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, экспортын чиглэлд хамтран ажиллах ихээхэн боломж байна. Монгол Улс 2,600 гВт-аар хэмжигдэхүйц сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй бөгөөд цаашид бүс нутагтаа сэргээгдэх эрчим хүч экспортлох бүрэн боломжтой улс юм.

Мөн манай орны ашигт малтмалын баялаг нөөцийг Японы дэвшилтэт техник технологитой хослуулан устөрөгчийн үйлдвэр ба дагалдах бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн төслийг хоёр улсын хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Монголын тал бүх талаар дэмжих болно. Энэхүү төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр ногоон эрчим хүч болон химийн үйлдвэрлэлийн салбарт хоёр орны хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Япон улсын Эдийн Засаг, Худалдаа Аж Үйлдвэрийн дэд сайд Ш.Накатани “Хоёр улсын төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байгаадаа баяртай байна. Энэхүү уулзалт нь өмнөх уулзалтаас дөрвөн жилийн дараа болж байна.

Хоёр орныг тойрон хүрээлэх нөхцөл байдал, Оросын Украинд хийсэн түрэмгийлэл, дэлхийн хэмжээний эрчим хүчний үнийн өсөлт, инфляц зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр хүнд хэцүү байдал үргэлжилсээр байна.

Энэ үед хоёр орны эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлж, стратегийн түншийн хувиар дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хамтдаа хүчин зүтгэж, хоёр орны харилцааг илүү өндөр түвшинд хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Түүнчлэн Эдийн Засаг, Хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хөрөнгө оруулагчдын гомдлын дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллахаа илэрхийлсэн юм. 

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин "Япон бол төгс хөгжсөн зах зээл. Бид 2016 онд эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээг дүгнэж үзэхээр Монголын талын амжилт сайн биш. Хоёр орны нийт худалдааг 100 хувь гэж үзэхэд 4 хувь нь Монгол, 96 хувь нь Японых. Тэгэхээр худалдааг тэнцвэртэй байлгах, хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй. 

Энэ айлчлалын хүрээнд Монгол, Японы танхимын үйл ажиллагааг шинэ түвшинд гаргахаар сэргээж байна. Мөн энэ удаагийн төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт нь дижитал зах зээл, сэргээгдэх эрчим хүчний зах зээлд тулгуурлаж байна.

Япон устөрөгчийн эрчим хүчийг бүх түвшинд нэвтрүүлэхээр ярьж байгаа. Гэтэл Японд устөрөгчийн түүхий эд хомсдолтой байдаг бол тэр түүхий эд нь Монголд байдаг хүрэн нүүрс. Хүрэн нүүрсийг анхан болон дунд шатанд боловсруулалт хийх замаар устөрөгчийн түүхий эдийг үйлдвэрлэх нь худалдааны балансыг зөв болгох, нэмэгдүүлэх чухал алхам" гэлээ.